2020.11.04

Ц.Даваасүрэн: Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар  Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

30 жилийн туршид тулгарч байгаа асуудал бол бодлого төлөвлөлтөөр явахгүй байна гэсэн үг.  Үүнийг мөнгөн торгуулиар шийдээд явна гэвэл ямар ч боломжгүй. Хот байгуулалтын үйл ажиллагаанд хориглох зүйл зөрчсөн бол яах вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Бичиг цаасны асуудлаас илүүтэй хэрэгжилт чухал бөгөөд үүнд хариуцлага, санхүүгийн боломж заавал байх ёстой. 

Та бүхний хариултыг сонсохоор салбар салбарын амбиц яригдаж байна. Эрчим хүчинд диспетчерийн нэгдсэн удирдлага гэж байдаг. Түүнээс хот, аймаг нэг нэг хэсгээр авна гэсэн зүйл огт байхгүй. Хот төлөвлөлтөө дагаад эрчим хүч нь бодлогоо тодорхойлох юм уу, эрчим хүчнийхээ бодлогыг дагаад хот төлөвлөлтөө хийх үү гэдэг дээр та бүгд маргаад байна. Технологийн нарийн горимыг мэдэхгүй байж хамаагүй ярьж болохгүй юм. Эрчим хүч нэгдсэн зохицуулалттай байдаг учраас эцсийн цэгтээ хүртэл нэгдсэн шугам сүлжээ байна. Үүн дээр аюулгүй, найдвартай гэдэг талаасаа нэг сүлжээ байдаг. Үүнийг эрчим хүч тодорхойлж өгөхөөс өөр арга байхгүй юм.