2020.11.09
АН: Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр мэдэгдлээ.
Энэ хуулийг АН санаачлан өргөн барьж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад дараах зөрчил илэрч байна. Үүнд:
-
Шилэн данс хөтлөхгүй байх
-
Буруу, худлаа хөтлөх
-
Шилэн дансанд мэдээлсэнээ засах
-
Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.
Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа.
Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг 1 сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгажээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах нь одоо цагт үүссэн асуудлыг бүрэн шийдэж чадахааргүй байгаа учраас шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж батлах шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг дэмжсэнгүй.