2020.11.10
Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа
Улсын Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхүйц хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн Орос, Монгол зэрэг орны 40 орчим жолоочоос халдвар илрээд байна. Эдгээрээс гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан бол 37 жолоочийг тээвэрлэн ХӨСҮТ-д авчирсан. Иргэдээ татан авах, зорчих тээврийг хаагаагүй гэж ойлгож болно.
Олон улсын худалдаа, импортын тээвэрлэлтийг төмөр замын тээвэрлэлтээр гүйцэтгэх талаар ОХУ-ын тээврийн байгууллагуудтай дипломат шугамаар тохиролцох, тээвэрлэлтийн боломжит хувилбарыг судалж, шийдвэрлэхээр болсон юм.