Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
2020.11.24

Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна. 

"Энхсаран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбогдуулан хуулийн байгууллага шалгаж байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өргөдөл гомдол шалгах хүрээнд өнөөдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорын байгууллагад материал хүргүүлсэн. Ерөнхийдөө хувийн сектор, онцгой байдал, эрүүл мэндийн зэрэг 10 гаруй хүний халдвар хамгааллын дүрэм журам зөрчсөн байж болзошгүй гэсэн байдлаар шалгаж байна. Маргааш хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар өгсний дараа дээр дурдсан хүмүүсийг хуулийн байгууллага нэг бүрчилж дуудаж тайлбар авна. Одоогоор, Энхсаран сувилалд гаднаас эд зүйл худалдан авч зөөж оруулдаг, бөөнөөрөө нийлж "лайв" хийсэн, нийтийн ариун цэврийн байртай гэх зэрэг олон асуудал тодорхой болж байна. Хуульд заасан үндэслэл журмын хүрээнд шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ажил хуулийн дагуу явна. Миний хувьд, Энхсаран гэж сувилал байтугай түрээслэх нэг өрөө ч байхгүй.

Хүүхдийн мөнгө олгосон ч бусад зээл рүү шууд татан авсан асуудал гарсан талаар иргэдээс гомдол мэдүүлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

Шадар сайд Я.Содбаатар: Хүүхдийн мөнгө бусад зээл рүү татаж байна гэсэн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч, Хаан банк, Төрийн банкны удирдлагыг дуудаж чиглэл өгсөн. Тодруулбал, автоматаар шууд холбосон цөөн тооны дансанд ийм асуудал гарсныг үгүйсгэхгүй. Өнөөдрөөс халамжийн мөнгийг бусад зээл рүү татан авч байгаа асуудлыг зогсоохыг Монголбанкнаас чиглэл өгөөд байна. 

 Халдварыг хэдэн хувьтай хумьсан гэж үзэж байна вэ?

Шадар сайд Я.Содбаатар: Улаанбаатар хотод жолооч Д-гээс гаралтай болон Сэлэнгэ аймагт төмөр замаас гаралтай голомтыг хумихаар ажиллаж байна. Тоо зарлах хараахан болоогүй. Зохион байгуулах ёстой бүх арга хэмжээгээ төлөвлөгөө ёсоор авсан. Тухайлбал, Сэлэнгэ, Алтанбулаг, Сүхбаатар аймгийн 27 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай байна. Мөн төмөр замын сүлжээ дагасан таван аймгаас 15900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахаас 315 нь үлдсэн. Дархан-Уул аймагт түүврээр 20 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжиллээ. Мөн тус аймгийн 28 300 өрхийн нэг гишүүн бүрийг шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилчдыг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. 

Засгийн газрын одоогийн байр суурь цаашид хөл хориог үргэлжлүүлэхээр байгаа юу?

Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар энэ долоо хоногт цаашид хэрхэх асуудлаар шийдвэр гаргана. Одоогоор оноглогоо, шинжилгээний явцаас хамаарч шийдвэр гаргах боломжгүй. Гэхдээ Засгийн газар, УОК-оос хэд хэдэн хувилбарыг тооцоолж байна.

Хөл хориог цаашид сунгах, эсхүл хэсэгчлэн үргэлжлүүлэх зэргээр хэвийн байдалд хэрхэн шилжих олон улсын арга туршлагыг нарийвчлан тооцоолно. Энэ долоо хоногийн дунд үеэр мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж гарах учиртай. Тухайлбал, эрүүл мэндийн салбараас тархвар судлалын зураглалаа гаргаж хөл хориог цаашид хэрхэн явуулах бодлогын зөвлөмж гаргана.

Мөн УОК-ын дэргэдэх мэргэжлийн эрдэмтдийн зөвлөлөөс дөрөвдэх өдөр зөвлөмж гаргах юм. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэж шийдвэр гарах тул 12 дугаар сарын 1-нээс хэрхэхийг одоогоор хэлэх боломжгүй байна. Цаашид ерөнхийдөө тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илрэх өнгөтэй байна.