2020.12.09
"Дэм" нөхөрлөл-хандивын аянаар цугларсан 88 сая төгрөгийг СХД-ийн удирдлагуудад хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар санаачлан найз нөхдийнхөө хүрээнд өрнүүлсэн “Дэм” нөхөрлөл-хандивын аяныг зохион байгуулжээ.
УИХ-ын гишүүд өчигдөр /2020.12.08/ хандивын аянаа нэгтгэн дүгнэж Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад цугларсан 88 сая төгрөг болон амны хаалт, бээлий зэргийг СХД-ийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
СХД-ийн 27 дугаар тойрог буюу 17 хорооны амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд тусламжаа хүргэх юм. Ингэхдээ бүх нийтийн бэлэн байдлын хөл хориотой байгаа энэ үед СХД-т байгаа дээрх түвшний 9200 гаруй айл өрхөд тусламжаа хүргэх зорилт тавьсан. Өмнө нь Улаанзагалмайн нийгэмлэгтэй СХД-ийн удирдлага, УИХ-ын гишүүд хамтран 4200 гаруй айл өрхөд тусламж үзүүлсэн байна.
Түүнчлэн Б.Жаргалмаа, Х.Нямбаатар гишүүдийн УИХ-д сонгогдсон тойрогт нийт 17 хороо бий. Эдгээр хороо бүрээс зайлшгүй тусламж хэрэгтэй байгаа 100 өрхөд хүнсний тусламжийн багцыг сайжруулсан түлштэй хамтатган дүүргийн онцгой комиссоор дамжуулан хүргэх юм.
УИХ-ын гишүүд "Дэм" нөхөрлөл-хандивын аянд нэгдсэн найз, нөхөддөө талархалаа илэрхийлсэн байна. Хүнд үед хандив, тусламж нь эзнээ олж, гал алдаж байгаа тэр айл өрхүүдэд хүргэхийг УИХ-ын гишүүд дүүргийн удирдлагууддаа захиж байлаа.