Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг ард түмнийх
2020.12.18

Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг ард түмнийх

Олон улсын парламентын холбоо (ОУПХ) хүний эрх зөрчсөн асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

ОУПХ, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд халдсан байна гэж үзээд хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий?

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, прокурор санал оруулаагүй байхад хууль зөрчин баривчилж, цагдан хорьсон. Цагдан хорьж байх хугацаандаа шүүх хурлаа хийж, ял оногдуулж, ял эдлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан зүйл болсон байж магадгүй байна гэдэг үндэслэлээр ОУПХ хэрэг нээж, асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байгаагаа УИХ-д мэдэгдсэн.

Тэр утгаараа УИХ болон холбогдох байгууллагаас мэдээлэл хүссэн. Холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгч байгаа. Товчхондоо, энэ бол ОУПХ-нд хандсан хоёр дахь хэрэг. Өмнө нь С.Зориг агсны асуудал, одоо Ж.Эрдэнбат гишүүнтэй холбоотой асуудлаар тус холбоонд хандаж байна. УИХ-ын Төрийн бодлогын байнгын хороонд ажилладаг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо энэ асуудал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хэрэг дээр хоёр асуудал бий.

Тодруулбал?

Нэг нь УИХ болон дэд хороонд хамаагүй асуудал. Тодруулбал, энэ хэрэг ном журмаараа шалгагдаж уу, хэрэг үйлдэж үү, эс үйлдэж үү гэдэг, УИХ тэр тусмаа дэд хорооны асуудал биш. Зөв бурууг нь шүүх тогтоодог. Давж заалдах юм уу, хяналтын шүүхээрээ яваад асуудлаа шийднэ. Энэ бол бидэнд хамаагүй, орж болохгүй асуудал.

Хамаатай асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл гэх гээд байна уу?

УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгээд явж байхад, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр баривчлан, цагдан хорьж, ял оноож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Байнгын болон дэд хорооны хүрээнд дүгнэсэн. Энэ бол хувь хүн, нэг нам, гишүүний асуудал биш. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн гишүүн би бүрэн эрхээсээ татгалзлаа гэж хэлж болдоггүй.

Тийм эрх байдаггүй. Эрх нь УИХ-д байдаг. Өнөөдөр Монголд 180 мянган төрийн албан хаагч байдаг ч халдашгүй эрхтэй 77 хүн байдаг. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүн, дээр нь Ерөнхийлөгч. Өөр хэнд ч халдашгүй эрх байхгүй.

Яагаад гэвэл Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна гээд заачихсан заалтыг хамгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат цаашлаад УИХ-ын гишүүн болгоны цаана ард түмэн байна гэсэн ойлголттой.

Ард түмэн төр барих эрхээ хэрэгжүүлж байна гэж ойлгогдож, хамгаалагддаг. Ард түмэнд өгч байгаа халдашгүй байдал гэж ойлгох хэрэгтэй. Аль нэг гишүүн сайн дураараа татгалзах эрхгүй. Татгалзах шаардлага үүсвэл зөвхөн Ерөнхий прокурор үндэслэлээ тайлбарлаж, үндэслэлийг дэд хороогоор авч хэлэлцээд, УИХ олонхоор шийднэ. Ингэж л ард түмэнд үлдээсэн халдашгүй байдлыг нь хамгаалдаг.

Гэтэл Ж.Эрдэнэбатын асуудлаар Ерөнхий прокурор УИХ-д хандаагүй. УИХ, Ж.Эрдэнэбатын асуудлыг хэлэлцээгүй. Прокурор, УИХ-д оруулж ирэх нь бүү хэл шүүх, өмгөөлөгчид нь хандаж, цагдан хорих арга хэмжээ авах хэрэгтэй байна гэх асуудал яриагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрх рүү халдчихсан. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улсын ихэнх нь парламентын засаглалтай байна. Парламент болгон гишүүнээ халдашгүй эрхтэй байлгадаг. Үндэслэл нь, ард түмний төрийн эрх барих эрх...

Ташрамд хэлэхэд, би энэ асуудалд найз нөхөд, нэг намынх гэсэн байдлаар хандаагүй. Энэ бол нам харгалзах асуудал биш. Хэн ч байсан асуудал ном журмаараа явах ёстой. Дэг зөрчигдчихжээ гэх асуудлыг холбогдох байгуулагуудад тавьж байгаа.

Яг ямар байдлаар асуудлыг тавьж байгаа юм бэ?

Өмнө нь УИХ-ын гишүүдтэй холбоотой зөндөө л асуудал гардаг. Бүгдийг нь УИХ-д оруулж, Дэд хороогоороо дэс дараатайгаар хэлэлцээд, тогтоол, шийдвэр гаргадаг байсан. Энэ удаа яагаад хууль, журам зөрччихөв гэдэг асуудал тавьсан.

Үнэндээ шүүх, байгууллагуудаас бидэнд ямар нэгэн тайлбар бичиг ирээгүй. Би хувь хүний хувьд гайхаад л байна. Сонин хэвлэлд өгсөн өмгөөлөгчдийнх нь яриаг харахаар, шүүх их хачирхалтай үндэслэл хэлсэн байгаа юм.

Яг ямар тайлбар өгсөн гэж уншсан бэ?

Энэ бол УИХ-ын гишүүнд биш, Ерөнхий сайдад оноосон хариуцлага гэсэн тайлбар өгсөн гэсэн. Байж болохгүй л дээ. Тэр хүн УИХ-ын гишүүнээ хийгээд явж байна. Ерөнхий сайдынх нь асуудал, хэрэгтэй нь холбоотой болохоос УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай ямар ч хамаагүй. Ямартай ч бид олон улсын байгууллагаас ирсэн бичгийн хариуг өгч, эндээ холбогдох байгууллагуудаас тайлбарыг нь авах гэж оролдож байна. Шаардлагатай бол энэ асуудлыг хууль тогтоомжийн дагуу тодорхой болгож оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа.

ОУПХ хэрэг үүсгэсэн гэсэн. Хариуцагч гэж байх уу. Хэн байх юм бэ?

ОУПХ хэрэг үүсгэхээр хариуцагчаар хэн нэгнийг татдаг манай шүүхийн тогтолцоотой адил гэж ойлгож болохгүй. ОУПХ бол аль нэгэн улсын парламент, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн эсэхийг судлаад дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлдэг. Ийм л процес өрнөж байна.

Түүнээс гадна Европын холбоо хүний эрхийн хориг арга хэмжээний журам баталлаа. Энэ журам манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Европын холбоо сая баталсан хуулиараа бусад орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаа явуулахдаа тавих хамгийн том шалгуураа хүний эрх гэж тунхаглалаа. Тус холбооны тайлбарласнаар, олон улсын хэм хэмжээ, олон улсын фактуудыг судалж, хүний эрх зөрчвөл Европын холбоо дүгнэлтээ хийж, харилцаагаа хэвийн түвшинд байлгах уу, хумих уу гэдгээ тухай бүр шийдэж байна гэсэн.

Өмнө нь хүний эрх чухалд тооцогддог байсан ч сая баталсан шиг гол шалгуур нь болж байгаагүй юм байна лээ. Холбоо дотооддоо ч гэсэн зээл тусламж, хамтын ажиллагааныхаа асуудлуудыг хүний эрх, Тодруулбал, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн ажиллагаа, орон нутгийн удирдлага гэсэн асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа юм байна лээ.

ОУПХ-ны гаргасан дүгнэлт дээр Европын холбоо ямар байр суурь илэрхийлэх бол?

Мэдэхгүй. Гэхдээ ОУОХ-ны гаргасан дүгнэлтийг харгалзах байх. Одоогоор ОУПх дүгнэлтээ гаргаагүй байгаа. Бид материалаа өгсний дараа дүгнэлтээ гаргана.