Гуантанамо шорон байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрчээ
2012.01.13

Гуантанамо шорон байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрчээ

 
  • Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлыг хүний эрхийн байгууллагууд байнга шүүмжилдэг бөгөөд олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчиж байна гэж буруушаадаг.
  • Гуантанамод эрүү шүүлт тулгадаг байсныг тэндээс суллагдсан хоригдлуудын дийлэнх нь нотлон ярьжээ.

Яг 10 жилийн өмнө буюу 2002 оны нэгдүгээр сарын 11-нд Кубын зүүн өмнөд нутаг дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн Гуантанамо баазад терроризмтэй тэмцэх дайн гэж нэрлэгддэг ажиллагааны хүрээнд баривчилсан эхний 20 хүнийг авчирчээ. Энэ үеэс хойш уг газар нь түр саатуулан хорих газар байснаа 115 ам км талбай бүхий жинхэнэ шорон болж хувирсан ба түүгээр дэлхийн 23 орны 25-62 насны 779 хүн дамжин өнгөрчээ. Гуантанамод АНУ-ын Афганистан, Иракт явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийг хорьдог. Тэнд Америкийн Засгийн газрын террорист гэж үздэг "Аль-Каида", "Талибан" хөдөлгөөн гэх мэт бусад байгууллагуудтай холбоотой эсэх талаар мөрдөн байцаалт явуулдаг ажээ.

 

Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлыг хүний эрхийн байгууллагууд байнга шүүмжилдэг бөгөөд олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчиж байна гэж буруушаадаг. Учир нь тэнд хоригдож буй хүмүүсийн дийлэнхт албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр хорьж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш эхний сэжигтнүүдийг аваачихаас хоёр сарын өмнө Гуантанамод цэргийн шүүх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тусгай зарлиг гаргасан боловч сүүлийн 10 жилийн хугацаанд ердөө ийм шүүх ажиллагаануудаас 4 нь л дуусчээ. 2000 онд Америкийн эскадрын мина зөөгч "Коул" онгоцыг дэлбэлсэн хэрэг болон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хэд хэдэн хүнийг шүүх ажиллагаа өнөөг хүртэл дуусаагүй байгаа.

 

Гуантанамод эрүү шүүлт тулгадаг байсныг тэндээс суллагдсан хоригдлуудын дийлэнх нь нотлон ярьжээ. Үүний дараа "хоригдлуудад хэргээ хүлээх хүртэл нь нойрыг нь хасах, хэт халуун нөхцөлд байлгах зэрэг хориглосон аргуудыг хэрэглэдэг байсан" гэдгийг Америкийн Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, Америкийн Тагнуулын төв газар террорист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байсан гурван ч хүнд эрүү шүүлт тулгаж байжээ. Энэ үйл явдлын дараа Гуантанамо америкчуудын хувьд толгойны өвчин болж хувирчээ. Засгийн газар терроризмтэй тэмцэх механизмд харьцангуй уян хатан хандаж, хоригдлуудыг суллаж эхлэв. Ерөнхийлөгч Бушийн үед 537 хоригдлыг сулласан байна.

 

Харин Ерөнхийлөгч Барак Обама 2009 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсныхоо дараа уг шоронг хаахаа мэдэгдсэн юм. Гэвч одоог хүртэл хаагаагүй байгаа. Конгрессын гишүүд Гуантанамогийн хоригдлуудыг АНУ-ын орон нутгийн шоронгуудад шилжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа бөгөөд хоригдлуудыг тээвэрлэх ажиллагаанд мөнгө гаргахыг хориглож, бас бусад орны шоронгуудад шилжүүлэхэд хязгаарлалт тавьжээ. Хууль тогтоогчид суллагдсан хоригдлууд ямар ч нөхцөлд АНУ-д аюул учруулахгүй бас террорист бүлэглэлд дахин нэгдэхгүй гэсэн баталгаа өгөхийг Засгийн газраасаа шаардаж байгаа юм. Эрх баригчдын ярьж байгаагаар, эдгээр болзол нь бараг биелэгдэшгүй байна. Түүнээс гадна, Конгрессын гишүүд Америкийн шүүхүүдэд хоригдлуудын эрхийн төлөө зогсож буй өмгөөлөгчдийг бараг бүгдийг нь ажлаас нь халсан байна. Өнгөрсөн оны эцсээр Обама нэгэн хуульд гарын үсэг зурахаас аргагүйд хүрчээ. Энэ нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Америкийн цэргийн албан хаагчдыг шүүхээс үл хамааран хорьж болохыг хуульчилсан баримт бичиг юм. Одоо Гуантанамод 171 хүн хоригдож байна.

 

Тэдний 36 нь цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа бол 46 -д нь аюул занал учруулж байгаа боловч хэргийг нь нотлох баримт байхгүй учраас ял оноож чадахгүй байгаа юм. Харин 32 хоригдлыг нь суллахаар бэлтгэж байгаа боловч Конгрессын шахалтаар үүнийг хийж чадахгүй байна. Түүнчлэн уг шоронд одоогийн байдлаар ямар нэгэн ял оноогоогүй байгаа боловч суллах боломжгүй 57 йемен иргэн хоригдож байгаа аж. Учир нь Америкийн Засгийн газар Йеменийг тогтворгүй улс гэж үздэг. Хэдийгээр АНУ тэдгээр хоригдлуудын дийлэнхийг суллах шийдвэр гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч нэг жил өнгөрөөд байхад Гуантанамогоос ганц ч хоригдол суллагдаагүй байна. Ерөнхийлөгч Обама урьд гаргасан шийдвэрийнхээ дагуу уг шоронг хаахад бэлэн байгаа гэдгийг М түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Гэвч Конгрессын эрс эсэргүүцэл болон тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж байгаа энэ үед ойрын үед Гуантанамог хаах нь юу л бол гэж шинжээчид үзэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.