Ажилтан, ажил олгогч хоёрын харилцааг олон улсын жишигт нийцүүлнэ
Хөдөлмөрийн хууль нь нийгмийн харилцааг зохицуулах чухал хууль бөгөөд 1999 оноос хойш нэмэлт өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй юм. Харин 2013 оноос эхлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Засгийн газар, Ажил олгогч эздийн холбооны 3 талын зөвшилцлийн үндсэн дээр боловсруулсан бичиг баримт дээр тулгуурлан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөл нь жижиг дунд аж ахуй нэгж байгууллага болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэднийг ялгаварлан гадуурхах, дарамт хүчирхийллээс ангид байлгах зэрэг суурь эрхийг хамгаалахад чиглэж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын ихэнх буюу 86% нь 9 хүртлэх ажилтантай жижиг аж ахуй нэгжүүд байдаг. Албан бус салбарт 17% нь ажиллаж байгаа юм.
Хөдөлмөрийн хуулийн гол үндсэн хэсэг болох ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээг илүү ойлгомжтой болгох үүднээс нийтлэг харилцаа, агуулга, хугацаа, шаардагдах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөлийг нэмж, илүү тодорхой болгон тусгажээ.
Хуулийн төсөлд хөдөлмөрийн гэрээнд дараах гол зохицуулалтуудыг оруулж өгсөн.
Үүнд,
-
Ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлэх. Мөн хөдөлмөрийн харилцааг 15 хоногийн дотор дуусгавар болгох эрхтэй байх.
-
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах. Ажил олгогч нь зарим ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн хариуцлагын нөхцөлийг тусгайлан тохиролцох бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх нарийвчилсан заалт оруулж өгөх. Ажилтан санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Түүнчлэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөлийг нэмэхээр ажилтантай тохирч болохыг зохицууллаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажил эрхлэхгүй байх ба энэ хугацаандаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авах зэрэг асуудлыг тусгаж өгсөн.
-
Ажил олгогч ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах тохиолдолд сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох бөгөөд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг нэмж тусгасан.
-
Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа олон бичиг баримтыг шаардах нь практикт түгээмэл байдаг. Иймд тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтыг хураан авахыг хориглосон заалтыг нэмж оруулсан.
-
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 7 хоногийн ажлын цагийг 40 гэж заасан боловч илүү цагийг тусгаагүй байсан бол энэ хуулиар ажлын цагийн дээд хазгаарыг олон улсын практикт нийцүүлэн 7 хоногт 16 цагаас илүү цаг ажиллуулахгүй байхаар нэмж тусгасан байна.
-
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс ажил олгогчдын сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоож уян хатан зохицуулалт хийх боломж олгох.
-
Ажилтны цалин хөлс, түүний суутгалын талаарх мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчдод үүрэг болголоо.
-
Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох үүднээс 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгжүүдэд хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг заавал байгуулах. Ингэснээр хөдөлмөрийн маргааныг зардал багатай дотооддоо шийдэх боломж бүрдэнэ.
-
Хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувиар алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох.
Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
“Монгол Улсад 10 мянга гаруй ажлын байрны нэршил байдаг. Уул уурхайн компаниудад ажлын байрны жагсаалтанд байхгүй ажлын байран дээр иргэдийг ажиллуулах тохиолдол их байна. Гэтэл ажилтан ажил, мэргэжлээс шалтгаалах осол аваарт орсон тохиолдолд нийгмийн даатгалаас олгох тэтгэмж нь ажлын байрны нэр нь байхгүй шалтгаанаар олгогддоггүй байна. Үүнээс үүдэн ажилтнууд хохирох асуудал их гардаг. Энэ асуудлыг хөдөлмөрийн хуульд тусгаж өгөх хэрэгтэй” хэмээн чухал байр суурийг илэрхийллээ.
-
Хөдөө ар гэрээсээ хол ажиллаж байгаа иргэдийн ажил амралтын хоногийг 14\14 болгож өөрчлөн оруулсан.
-
Иргэд хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ямар ч хөдөлмөрийн гэрээнд заавал тусгаж өгөх нөхцөл нь ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ гэж тодорхой болгож оруулсан.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа гэж чухал заалт байгаа юм. Хамтын гэрээндээ нийгмийн хамгааллын асуудлуудыг тусгаж болно гэж оруулж байна. Тухайлбал байгууллагын ажил олгогч эзэн буюу байгууллагад ажиллаж байгаа ажилтан, тэдгээрийг төлөөлж байгаа Үйлдвэрчний эвлэл хоорондоо хамтын гэрээ байгуулахдаа ямар ямар асуудлуудыг тусгаж болох тухай зохицуулалт юм. Үүнд мэргэжил дээшлүүлэх, эзэмшүүлэх нөхцөл журам, аж ахуй нэгж байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгмийн соёлын зориулалтаар барилга байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг нэмж оруулах юм.”
-
Ажилтан ялгаварлан гадуурхагдсан эсвэл дарамтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд Хүний эрхийн комиссод гомдол гаргах эрхтэй гэж хуульд заасан. Ажил олгогч нь тухайн ажилтныг ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллээс ангид байх орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Мөн ажилтан дарамтанд өртсөн тохиолдолд хэн гэдэг албан тушаалтанд хандах ёстойг мэдээлсэн нэр утасны жагсаалт бүхий хуудсыг хэвлэж тавьсан байх.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан,
-
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай,
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай,
-
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай,
-
Эвлэрүүлэн зуучлалын тухай,
-
Төрийн албаны тухай,
-
Зөрчлийн тухай хууль болон холбогдох 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.