АНУ-ын “Secret Service” шалбаагт уналаа
2012.04.19

АНУ-ын “Secret Service” шалбаагт уналаа

  • . Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, генерал Мартин Демпси «Бид шалбаагт суучихлаа. Боссоо баллаад хаячихсан.
  • Уг нь сүүлийн 10 жилд нууц албаныхныг Клинт Иствудын бүтээсэн дүрээр төсөөлж, эх орныхоо төлөө үхэхэд бэлэн хүмүүс хэмээн шүтэх хандлагатай болсон.
  • Ерөнхийлөгчийн бие хамгаалагч ус уухаар түр холдох хооронд театрын лоожинд байсан Линкольныг буудсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бие хамгаалагчид Колумбын Картахен хотод болсон Америкийн орнуудын байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө секс дуулианд холбогдсон. Энэ хэрэгт эхлээд АНУ-ын Нууц албаны /Secret Servis/ 11 агентыг холбогдуулан байцаасан ч дараа нь цэргийн таван ажилтан нэмэгджээ. «Тhe Washington Post сонинд бичсэнээр «Кариб» зочид буудалд байрласан Обамагийн бие хамгаалагчид лхагва гарагийн орой тайчигч хоёр бүсгүйг дууджээ. Агент бүр 60 доллар гаргаж, «Рleyclub» клубийн тайчигчдад төлсөн аж. Гэтэл маргааш өглөө нь нэг нь 170 доллар нэмж төлөхийг шаарджээ. Ингээд хэрүүл дэгдэж, буудлын ажилчдын анхаарлыг татав. Биеэ үнэлэгч сүүлдээ хана, хаалга нүдэж, хашгирч орилж гарчээ. Буудлын ажилтан өрөөний хаалгыг тогшсон ч америкчууд онгойлгосонгүй. Тэд цагдаа ирсний дараа л хаалгаа нээсэн байна. Тэгээд нөгөө хүүхэнд дургүйхэн шиг шаардсан мөнгийг нь өгчээ. Хэрэв цагдаа нар АНУ-ын Элчин сайдын яам руу мэдээлээгүй бол энэ дуулиан тэгсгээд намжих байж.

 

Колумбад биеэ үнэлэхийг албан ёсоор зөвшөөрсөн, түгээмэл тархсан үзэгдэл хэмээн «Тhe Washington Post» сонин бичжээ. «Кариб» буудал шөнө хүүхэн авч ирэхийг хорьдоггүй, гэхдээ тодорхой цаг тогтоодог юм байна. Нэмж өгүүлэхэд Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос саммитын өмнөхөн хотын захиргаанд албан бичиг хүргүүлж, биеэ үнэлэгчдийн дунд элдэв өвчин тархахаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан байна.

Америкийн бие хамгаалагчдын ёс суртахуун, мэргэжлийн ур чадварыг дэлхий дахин шүүж байх хооронд албаны хүмүүс мөрдөх ажиллагаа явуулахаа амлалаа. « Secret Servis »-ийн дотоод шалгалтаас гадна Бүгд найрамдах намын сенаторууд, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хоёр ч хороо шалгах гэнэ.Secret Servis”-ийн захирал Марк Ж.Салливан хувийн болон мэргэжлийн ажил үүргээ чанд биелүүлэхийг ажилтнуудаасаа шаардсан байна. Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, генерал Мартин Демпси «Бид шалбаагт суучихлаа. Боссоо баллаад хаячихсан. Одоо Колумбын саммитыг бус зөвхөн энэ дуулианыг авч хэлэлцэх болно» гэжээ. Хамгийн инээдтэй нь нууц албаны ажилтанд хэлний бэрхшээл тулгарсан талаар    «Тhe New Yorker»  сонин өгүүлжээ. «Яагаад Колумб руу испани хэл мэддэггүй агентуудыг « Secret Servis » алба илгээв? Тэдний зарим нь яагаад өрөөнд нь янхнууд байгааг мэдэхгүй гэж хариулан, олон нийтийн уур хилэнг бадраав» гэж тус сонины нийтлэлд бичсэн байна.

Энэ дуулиан анхных биш, өмнө нь иймэрхүү явдал гарч байсан. Ерөнхийлөгчийн нууц албаны агентууд согтуугаар машин барьж, бааранд зодолдон, насанд хүрээгүй хүүхэдтэй секс хийж хариуцлагад татагдсан тухай «Тhe New York Times » сонин мэдээлэв. 2002 онд нууц албаны нэгэн ажилтан хар тамхи хэрэглэж, 16 настай охиныг сексэд уруу татсаныг «U.S. News and World Report »-ийн сэтгүүлчид илрүүлсэн юм. Мөн өөр нэг агент Ерөнхийлөгч Клинтоны хамаатан бүсгүйтэй амрагийн харьцаатогтоож байжээ.

Уг нь сүүлийн 10 жилд нууцалбаныхныг Клинт Иствудын бүтээсэн дүрээр төсөөлж, эх орныхоо төлөө үхэхэд бэлэн хүмүүс хэмээн шүтэх хандлагатай болсон. Цагаан ордны агент байсан нэгэн « Тhe New York Times »-д ярилцлага өгөхдөө « Secret Servis »-ийн ажилтнууд удаан хугацаагаар гадаадад албан томилолтоор явдаг. Тэд бөөнөөрөө, бүлгээр амьдардаг. Маш сонирхолтой газруудаар тэнэж, чөлөөт цаг ихтэй байдгаас ийм явдал гарсан» хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад АНУ- ын Ерөнхийлөгч Авраам Линкольн 1865 онд нууц алба байгуулах тушаалд гарын үсэг зуржээ. Санги сайд Хью Маккалаф түүн дээр ирж «Хуурамч мөнгө үйлдвэрлэгчдээс болж санхүүгийн хямрал дэгдэж болзошгүй. Иймээс тусгай алба байгуулах хэрэгтэй» хэмээн санал тавьсан аж. Ер нь «USSS» албаны хүмүүсийг хамгаалахын зэрэгцээ санхүүгийн гэмт хэргийг мөрддөг. Ингэхэд Ерөнхийлөгч Линкольн тусгай алба байгуулах тушаал өгсөн оройгоо театрт буудуулсан юм. Түүний үхэл нууц албаныхны ажлын хариуцлагатай шууд холбоотой. Ерөнхийлөгчийн бие хамгаалагч ус

уухаар түр холдох хооронд театрын лоожинд байсан Линкольныг буудсан. Энэ явдлын дараа ч Ерөнхийлөгчийг тусгайлан хамгаалдаггүй байсан. Харии 1901 онд Ерөнхийлөгч Мак-Кинлийг алагдсаны дараа америкчууд төрийн тэргүүнээ тусгай хамгаалалттай болгожээ. «USS- ийн өнөөгийн удирдлага сүүлийн үе өөрчлөлт шинэчлэл хийж, эмэгтэй ажилтнуудынхаа тоог нэмж, үндэсний цөөнхийг эгнээндээ элсүүлж байна.

Нэмж өгүүлэхэд өнөөгийн секс дуулиан нь АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны алагдсан ойн өдрөөс хэдхэн хоногийн өмнө дэгдсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.