Эмнэлгийн тусламжийн хэт төвлөрлийг арилгах замаар хүлээгдэл, чирэгдэл буурна
Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөж, эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой асуудал тасралтгүй гарсаар байдаг. Бүхэлдээ эрүүл м эндийн тогтолцоог 100% өөрчлөх боломж байхгүй салбарын бодлого, менежментийг зөв ханган ажилласнаар үр дүн гардаг гэдгийг өнөөгийн Засгийн газар тод харуулж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа өнгөрсөн хугацаанд тус салбарт хийгдсэн ажлууд өнөө ямар үр дүнг харуулж байгааг дараах байдлаар тоймлон бичжээ.
Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдэхүүний нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сум, тосгоны Эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна.
Өнөөдөр эмнэлэг төдийгүй иргэдэд учирч байгаа гол бэрхшээл нь оочер дараалал юм. Хэт их төвлөрөл үүссэнээс энэ асуудал гардаг.
Иймээс улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй УНТЭ, УХТЭ, УГТЭ-т ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, есөн дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлэх иргэдийн хүлээгдэл чирэгдэл эрс буурсан байна.
Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх гурван эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулж,
шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийг бүрэн шийдэж
өгснөөр хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж чадлаа.
Ингэснээр орон нутгийн иргэд аймгаас, мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, нийслэлийг зорих шаардлагагүй болсон.
Иргэдийн хүлээгдэл, төвлөрөл сааруулахын зэрэгцээ УНТЭ, УХТЭ, УГТЭ-т дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем, Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж эхэллээ.
Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ–г ашиглан оношлогоонд нэвтрүүлээд байна.
Төрөлжсөн мэргэжлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлснээр ачаалал ихтэй, оочер дараалал урт, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ орхигдоход хүрч иргэд гадны улс орныг зорих нь хэвээр байгаа.
Тухайлбал улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн. Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламжийн чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна.
Жишээ нь гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, хавдрын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг аймаг, дүүргийн эмнэлэгт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн эмч нарын баг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээрээ дагалдуулан сургах замаар “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Өмнө хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдэж байсан бол одоо аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт уг эмчилгээг хийж эхлээд байна.
Дараагийн чухал хэсэг нь тухайн эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал бөгөөд Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэл хийгдэнэ гэдгийг салбарын дэд сайд онцолж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn