Х.Нямбаатар: Манай саналыг хүлээн авахгүй бол Хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь цуцлах саналыг Рио Тинтод тавьсан
Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд ирж, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний талаар мэдээлэл өглөө. Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байгаа юм.
Тэрээр Х.Нямбаатар сайдтай хамт Сүхбаатарын талбайд иржээ. Тэд С.Ганбаатар гишүүнээс өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. “Бид таны эрүүл мэнд болон халдвар тархах вий гэдэгт санаа зовж байна. Төрийн ордонд та дотогш орохоор илүү тухтай ярилцъя. Камерын өмнө ярьж болохгүй зүйл бас байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд хоёр дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа юм.
Хуульч Б.Солонго АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд Засгийн газрыг төлөөлөх эрх авчээ. Тэрээр “Одоо бидэнд байгаа мэдээллээр нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэх гаргахтай холбоотой ямар нэг маргаан байхгүй. Оюутолгой төсөлтэй холбоотой татварын арбитрын маргаан үргэлжилж байгааг та бүхэн мэднэ. Энэ маргаантай холбоотой тайлбараа Засгийн газар ирэх сарын 21-ний дотор өгөх ёстой.
Маш сайн үндэслэлтэй, хариу тайлбар бэлдэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлаа хангаж байна. 2018 онд Засгийн газар “Оюутолгой” ХХК-д 350 тэрбум төгрөгийн (одоогийн ханшаар) татварын акт тавьсан. Үүн дээр нэмээд өнгөрсөн сард 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Эдгээр актыг төлөхгүй гэж тус компани үзсэн тул маргаан үүсгэсэн юм. Засгийн газар байр сууриа хамгаалж, арбитрын маргаанд оролцоно гэж тайлбарлав.
Хэлэлцээ хийх ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Х.Нямбаатар сайд болон би ажлын хэсгийн гишүүд. Бид гурван дэд хэсэг байгуулан, өмнө нь байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. С.Ганбаатар гишүүн та байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр албан ёсны мэдээлэл авах боломжтой.
Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах биш нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан. Ингэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүслээ.
Хууль зүй, дотоо хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар “Засгийн газар одоогийн ханшаар нийт 1 их наяд төгрөгийн татварын акт тавьсныг “Оюу толгой” төлөхгүй хэмээн шүүхэд хандсан. С.Ганбаатар гишүүний олон жил хөндөж буй нэг асуудлыг манай Засгийн газар нэг алхмаар урагшлууллаа. Энэ бол Дубайн гэрээг бүхэлд нь цуцлах санал юм. Мөн бид 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах биш нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан. Ингэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүслээ.
Идэр есийн хүйтэнд С.Ганбаатар гишүүн гадаа зогсож байгаад би их санаа зовж байна. Та манай ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Монголчууд бид энэ асуудлаар нэг ойлголтод хүрэх нь чухал. Өчигдөр бид “Оюу толгой” компанийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээж авлаа. 2023 оны эхний сард далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орно. Ингэснээр тус компанийн борлуулалт өсөж, 2029 он гэхэд нийт 29 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ.
Үүний арван тэрбум ам.долларыг үйл ажиллагаанд зарцуулах юм байна. Зээлийг эргэн төлж, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх нь гэсэн хүлээлт бидэнд байв. Гэтэл санхүүгийн загварчлалд үлдсэн 19 тэрбум ам.долларын 12-ыг нь элэгдэл хорогдолд тооцно гэжээ. Ингээд 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа юм. Хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд дахин 3 тэрбум ам.долларын зээл авах шардлагатай гэсэн аймшигтай тоог бидэнд гаргаж өгсөн. Тэгэхээр энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид санал нийлж байна. Хэрэв бид энэ төслийг цэрэг цагдаагийн хүчээр зогсоовол олон улсын гэрээг зөрчсөн хэрэг болно.
Иймд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ тодорхойлох шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц бид олон улсын уульд нийцүүлэн, гэрээгээ өөрчилнө. Гэрээг шууд өнөөдөр цуцалж болохгүй. Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүсэж болзошгүй. Энэ том төслийг цаашид нийт Монголчуудадаа ашигтай байдлаар урагшлуулах хэрэгтэй тул хамтран ажиллахыг С.Ганбаатар гишүүн танаас хичээнгүйлэн хүсэж байна гэв.
Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хамгийн их анхаарах ажил нь “Оюу толгой” төсөл. Таныг ажлын хэсэгт албан ёсоор урьж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд уламжилсан. Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн мужийн шүүхэд Энтони Фрэнсис гэдэг хүний нэхэмжлэлээр Рио Тинто, “Туркойз хилл” компаниуд Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн хэрэг үүсгэжээ. Хөрөнгө оруулагчид худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр дээрх компаниудад Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан.
ОЛОН УЛСЫН ШҮҮХҮҮДЭД АН, МАН-ЫН 24 УЛС ТӨРЧТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД ҮҮССЭН
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Х.Нямбаатар сайд, Б.Солонгоо дарга ард түмний эрх ашгийг хүндэтгэж энд ирлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авлига өгсөн нь ил болж, олон улсын шүүх үүнийг баталсан нь энэ гэрээг шууд цуцлах үндэслэл мөн. Засгийн газар гэрээг цуцлах саналаа гаргах хүртэл би өслөгөлөн зарлана. Би 30-40 хоног өлсгөлөн зарлахад миний бие дийлнэ. Олон улсын шүүхүүдэд АН, МАН-ын 24 улс төрчтэй холбоотой хэргүүд үүссэн. Тэдний хөрөнгийг “царцаасан” эх юм. Тэдгээр хөрөнгийг Монголд авчрах хэрэгтэй. Намайг ажлын хэсэгт оруулсан нь том хүндэтгэл. Би зүрх сэтгэлээрээ ажиллана. Надад туршлага бий.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго: Иргэний хувиар шүүхэд гаргаж өгсөн энэ хэргийн зарим материалтай би танилцсан. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байна. Иймд иргэний гаргасан материалыг үнэн гэж үзэж болохгүй. Шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж би ойлгосон. Гэхдээ Засгийн газар бүх материалыг нарийвчлан судалж байна. АНУ болон Их Британид Рио Тинтогийн эсрэг Үнэт цаасны зохицуулах байгууллагаас нь хяналт шалгалт явуулж байгаа юм билээ. Бид хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна.
Хэрэв Рио Тинто хууль зөрчсөн нь тогтоогдвол бид тодорхой арга хэмжээг нэн даруй авна. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул бид яриа хэлэлцээ, зөвшилцөх замаар ажиллах нь зүйтэй гэж үздэг. Хөрөнгө оруулагч тал үүн дээр нэгдэн, хэлэлцээний ширээний ард суусан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчихвал бид асуудлыг ул суурьтай харах ёстой гэв.