УИХ-ын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулна
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Тогтоолын төслийн үзэл баримтлалд коронавируст халдвар COVID-19-ын цар тахлын үед иргэдийн амьдрал эрс доройтсон, үндэсний үйлдвэрүүд дампуурахад хүрсэн, өрхийн орлого тасалдсан зэрэг шалтгаанаас үүдэн нийгэм эдийн засагт бодитоор бий болоод байгаа хүндрэл, бэрхшээлийг харгалзан өрх бүрт нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс архи согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгох. Энэ санхүүжилтийн эх үүсвэрийг оффшор бүсээс татагдан улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулж, холбогдох үйл ажиллагааг Монголбанкаар гүйцэтгүүлэх гэж тусгажээ.
Улсын орлогод оффшор бүсээс улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийн талаар Сангийн яамнаас лавлагаа авсан бөгөөд Төрийн сангийн Монголбанкны улсын төсвийн дансанд 2017-2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл оффшор бүсний данснаас мөнгө орж ирээгүй гэдгийг албан бичигтээ дурдсан. Тогтоолын төсөлд зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дурдаагүй бөгөөд түүнчлэн оффшор бүсээс улсын төсвийн дансанд мөнгө орж ирсэн эсэх, захиран зарцуулах хууль эрх зүй орчин, үндэслэл нь бүрдсэн эсэх нь тодорхой бус байна. Тухайн төсөл нь Монгол Улсын хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар төслийн зүйл, хэсэг, заалт, зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, үзэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар тогтоолын төслийн талаар тусгайлан эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах саналтай байна” гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.
Тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн