Л.Энх-Амгалан: Энэ хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй
2021.02.01

Л.Энх-Амгалан: Энэ хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан яамныхаа удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзсан байна.

Тэрбээр "Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана.

Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг (заримдаа энэ чанар маань алдаа болдог), хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог.

Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана гэдгээ хэлэв. Би өөрөөсөө улс төрийн манлайлалыг, салбарынханаасаа мэргэжлийн манлайлыг нэхнэ...!!!" гэсэн байр суурийг илэрхийлж байна.