Ерөнхийлөгч Х.Баттулгад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бараалхав.
”…Таны хувьд зүгээр нэг сайд байх нь чухал биш, харин том ажил хийх боломж гэж харж байгаа гэж ойлгож байна”
“Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаач. Боловсролын салбар хаана яваад байна вэ? Гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Шинжлэх ухаан хаана явна вэ? Өнөөдөр манайд шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай.
Хөвсгөлийн ард түмэн өөрт тань гурван удаа итгэлээ. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Өнөөдөр боловсролын салбарт ахиц гараагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Бид боловсролын салбарт анхаарах гэж хичээж байгаа ч нэг сайд гарч ирээд нэг юм ярьдаг, нөгөө сайд гарч ирээд өөр юм ярьдаг. Би хамтарч ажиллахад бэлэн байгаа. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, Ерөнхийлөгчийн институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй байгаа.
Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь Танд тийм ч сонирхолтой биш байгаа гэж бодож байна.
Шинжлэх ухааны салбар дэлхийгээс маш хоцорч байна. Залуу эрдэмтэд гэж байхаа больсон, бид залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүс бүгд гадаадад, гадаадын компаниудад ажиллаж байна. Тэднийг татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая.
Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бас байдаг. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ? Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна. Улстөржихгүй шүү. Амжилт хүсье” гэлээ.