ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрх зүйн хичээл оруулах уриалга дэвшүүллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хичээл оруулахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уриаллаа.
Энэ сарын найманд болсон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хурлын үеэр тэрбээр, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах 5 зорилт дэвшүүлж буйгаа танилцуулжээ.
Уг 5 зорилтын нэгдүгээрт, "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хичээлийг оруулж, төлөвшиж буй насанд нь эрх зүйн эсрэг үйлдэл хийхгүй байх эрх зүйн ухамсар тогтоох эхлэлийг тавина" хэмээн тодорхойлсон байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмэх хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг өрөөсгөл ойлголтоосоо ангижрах шаардлагатай болоод байна.
Насанд хүрсэн хүмүүсийг сэхээрүүлэх уриалга дэвшүүлэн өмнөх жилүүдэд ажиллаж байсан бол энэ жилээс хүүхэд залуучуудынхаа эрх зүйн ухамсрыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар тодорхой хичээлийн хөтөлбөрийн тухай санал солилцсон.
Мөн Боловсролын тухай шинэчилсэн найруулгын багц хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлчихсэн. Энэхүү хуульд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийн хөтөлбөрийг заавал үзэх хичээл болгохоор тусгаж, хүүхэд залуустайгаа хамтарч ажиллая.
Хүүхдүүд хүн болж төлөвших ёстой. Тэд хүнийг хайрладаг, хүний эрхийг дээдэлдэг, гэр бүлээ төлөвлөх талаар мэддэг болж өсөх ёстой. Үүнийг бид хүүхдүүдэд таниулж, сургахаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын агуулга эхэлнэ шэж ойлгох ёстой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөр түвшинд гаргах шаардлагатай байна” хэмээсэн юм.