УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд “100 жилийн турш хамтдаа” найрамдлын буухиа онлайн уулзалтад оролцлоо
2021.03.26

УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд “100 жилийн турш хамтдаа” найрамдлын буухиа онлайн уулзалтад оролцлоо

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг тэмдэглэлт ойн хүрээнд “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-тэй хамтран “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын буухиа арга хэмжээг өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн билээ.

Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг арга хэмжээний ээлжит онлайн уулзалт өнөөдөр /2021.03.25/  Улаанбаатарын цагаар 14.00 цагт боллоо.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, нар оролцов.

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон авсанд нь баяр хүргээд нийт цахим буухиа уулзалтад оролцогчдод хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол-Зөвлөлт хоёр улс хамтран сансарт ниссэний 40 жилийн ойд баяр хүргэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс орнуудаас 100 жил болж буй анхны улс гэдгийг онцлоод хоёр улс, түүний дотор Улаанбаатар хот, ОХУ-ын Новосибирск хот хооронд олон арга хэмжээ зохиогдож байсан талаар дурдав. 

Уулзалтын төгсгөлд дараагийн буухиа арга хэмжээг ОХУ-ын Алтайн хязгаарын төв болох Барнаул хотод шилжүүлэв. Найрамдлын буухиа арга хэмжээ ОХУ-ын Барнаул хотоор үргэлжлэн Горно-Алтайск–Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста гэсэн зургаан хот, Улаанбаатарын хооронд 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл найман сарын турш үргэлжлэх юм