Б.Энхсүх:

Монгол хүний оюуны бүтээлийг баталгаажуулах эрх зүйн орчныг шинэчилнэ


6 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.Энхсүх: Монгол хүний оюуны бүтээлийг баталгаажуулах эрх зүйн орчныг шинэчилнэ

Монгол хүний оюуны бүтээлийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Оюуны өмчийн тухай” хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-аас баталсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа “Оюуны өмчийн тухай” хуулийг бүрэн хэрэгжихэд тулгуур болсон Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Vip76.mn сайт дээрх хуулиудын талаар Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүхтэй ярилцлаа.


2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хууль оюуны өмч, оюуны бүтээлийг үнэлэх, эргэлтэд оруулах боломжийг бүрэн нээж чадсан уу?

Оюуны өмчийн салбарын эрх зүйн шинэчлэл хийгдэхэд уг салбарын үндсэн суурь болох Оюуны өмчийн тухай хуулийг 2020 онд баталсан. Одоо хэрэгжээд явж байна. Уг хуулийн тулгуур болох Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжиж хаврын чуулганаар батлахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр хууль нь Оюуны өмчийн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж өөрчлөлт хийж байгаагаас гадна үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, зуучлал, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах зэрэг дэлхий нийтээрээ эдийн засгийн хурд саарсан ийм хүнд үед оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд хуулийн хүрээнд хэрхэн зохицуулалт хийх боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм. Монгол хүний оюун санаанаас бий болсон бүтээл, зохиол, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг зэргийг дээрх хуулиудаар эдийн засгийн агуулгаараа хэрхэн үнэт зүйл болох вэ? гэдгийг тодорхойлж, зохицуулж өгснөөрөө гол онцлог нь болж байгаа юм.

Оюуны өмчөө барьцаалаад банкнаас зээл авах боломж 2018 оноос нээгдсэн. Уг зээлийн онцлог нь оюуны өмчөөр баталгаажсан барааны тэмдгээ барьцаалан бизнесийн зээл авах боломжийг Улаанбаатар хотын банк нэвтрүүлсэн. 2020 оны 6 дугаар сард банкууд нэгдсэнтэй холбогдуулан тус зээлийг одоо Худалдаа хөгжлийн банкаас авах боломж бий.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зохиогчийн эрхтэй холбоотой ямар зохицуулалт орж байгаа вэ?

Уг хуульд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, зарим нэр томъёог нэмж, өөрчилж байгаа. Түүнчлэн бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар харилцааг зохицуулахаар тусган, боловсруулсан бэ?

Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг энэ хуульд тусгаад байна. Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон. Мөн хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгаад байна. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан.

Патентийн тухай хуульд шинэчилсэн найруулга оруулж байгаа. Энэ хуулиар ямар шинэчлэл хийгдэх вэ?

Патентийн тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, патентийн тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентийн эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгохоор шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар энэ хуульд оруулсан. Мөн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан юм.

Дээрх 3 хуулийн төсөл Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцэд нийцүүлж байгаа учраас Монгол Улсын оюуны өмчийн салбарын цогц эрх зүйн зохицуулалт бүрдэнэ гэж үзэж байгаа.

Эдгээр хуулиуд батлагдсанаар оюуны өмч, бүтээл, барааны тэмдэг, заалтуудын хамгаалалт бүрэн хангагдах уу?

Дээрх 3 хууль нь төсөл хэлбэрээр УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдана гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр оюуны өмчийн салбарын үндсэн 4 хууль багцаараа шинэчлэгдэх юм. Хуулиуд батлагдсанаар оюуны өмчийн салбар олон улсын хэм хэмжээнд нийцэж, өмчийн бүртгэл, хамгаалалт, хадгалалт зэрэг үйл явцын ажиллагаа маш тодорхой болно. Цахимжуулах, цахим сан бий болгон, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болж, салбарын зарим нэр томьёо хоёрдмол утгатай байсан нь арилах юм. Хамгийн чухал нь оюуны өмчийн салбарын эрхийн хамгаалалт, процесстой холбоотой зохицуулалтууд илүү тодорхой болж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээ, мэдээллийг E-mongolia цахим системийг нэвтрүүлсэн. Дээрх хуулиудаар оюуны өмчийн салбарыг цахимжуулах боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

Оюуны өмчийг Зохиогчийн эрх, Аж үйлдвэрийн өмч гэсэн 2 салбарт  ангилж үздэг бөгөөд хүний оюун ухааны хүчээр бий болсон биет бус бүтээлүүдийг оюуны өмчийн багц хуулиуд болох Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль,  Патентийн тухай хууль, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудыг хамааруулж үздэг. Аж үйлдвэрийн өмч дотроо шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг,  газар зүйн заалт зэргийг хамруулдаг бол зохиогчийн эрх дотроо утга зохиол, урлаг, уран сайхны буюу оюуны бүтээлүүдийг ойлгодог. Бусад улс оронд Зохиогчийн эрхийн газар, патентийн газар нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг бол манай улсад оюуны өмч гэсэн нэг “малгай” дор нэгтгэн ойлгож, эрх зүйн зохицуулалтаа хийж явдаг.

Монгол Улсын Засгийн газар төрөөс иргэдэд үзүүлэх бүх үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж буй энэ цаг үед оюуны өмчийн салбар ч цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгээд ажиллаж байна. Ингэснээр оюуны өмчийн бүртгэл чирэгдэлгүй, тодорхой болно. Давхардал үүсэх эрсдэлгүй болж бүртгэгдсэн бүтээл, оюуны өмч хуулийн дагуу хамгаалагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн бид зөвхөн дотооддоо эрх зүйн зохицуулалтаа хангах бус дэлхийн чиг хандлага, олон улсын гэрээ конвенцийн дагуу хуулиа боловсруулснаар монгол хүний оюуны бүтээл олон улсын стандартаар бүртгэгдэн хамгаалагдаж, үнэлэгдэх боломжтой болж байгаа юм.

Манай байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд Аж үйлдвэрийн өмчийн хайлтын систем-https://publish.ipom.mn/, Цахим мэдүүлгийн систем буюу E-filing// системүүдийг нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчид дэлхийн аль ч өнцөг булангаас Монгол улс дахь патентийн бүртгэлийн талаар хайлт хийх, мэдүүлгийнхээ төлөв байдал, хүчинтэй байх хугацаа зэрэгт хяналт тавих боломжтой юм. 2020 оноос тус хайлтын системийн  мобайл аппликейшн хувилбарыг нэвтрүүлсэн.