С.Одонтуяа: Жижиг гомдлуудаа мартаж, том зорилгын төлөө нэгдэцгээе
АН-ын удирдлагууд хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр байртай болсон. Цаашлаад хоёр талд сонгууль зохион байгуулж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, М.Тулгат нар ялалт байгуулаад байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа ардчиллын эмэгтэйчүүдээ төлөөлж уриалга гаргажээ.
Тэрбээр "АН-ын даргын сунгаа явагдаж О.Цогтгэрэл,М.Тулгат нар ялалт байгууллаа. АН-ын дээвэр доор хамтдаа ардчиллын төлөө явахад 2 залуутай мөр зэрэгцэн явж байсны хувьд эдгээр залуусаа сайн мэднэ. Ардчилсан намаа шинэчилж, улс орныг хөгжил дэвшилд хүргэж, ардчиллын галаа улам бадрааж чадах гишүүд гэдэгт итгэл төгс байдаг. Гэхдээ 2 залуу маань зөвхөн хамтдаа, зөвхөн нэг баг, болж байж том зорилгоо биелүүлж чадна. Яг өнөөдрөөс эхлээд, яг одооноос эхлээд энэ тэрний нам, тэр тэрний нам, энэ дүрмийн дарга, энэ дүрмийн бус, манай тал дийлнэ, танай тал дийлэхгүй гэдгээ ардаа орхих хэрэгтэй. Намын их хурлын өмнө хэлэлцэж ярилцацгаая. Уулзаж ойлголцоцгооё. Гишүүд маань цөхөрч байна. Ард түмэн ядарч байна. Ардчилал бөхөж байна. Жижиг гомдлуудаа мартаж, том зорилгын төлөө нэгдэцгээе. Ардчиллын эмэгтэйчүүд бид гуйж байна. Бид уриалж байна. Бид шаардаж байна" гэжээ