Сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Мэндчилгээ
Арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх цагаан бар жилийг их хөдөлмөр, амжилт бүтээлээр үдэж, “Илжиг” хэмээх төмөр туулай жилийг угтаж байгаа Монголын нийт ард түмэн, салбарын хамт олон, тэдний гэр бүлийнхэнд сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй үхэр жилд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлуулж цаашдын хөгжил, хөдөлмөр бүтээлийн их замаа тодорхойлсон онцлог цаг үе байлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замынхаа талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, шилжилт хөдөлгөөн, хүн амын нягтаршил, цөлжилтийн асуудлыг цогцоор нь шийдэж, хот хөдөөгийн, гэр хорооллын иргэдийг адилхан тав тухтай орчинд амьдрах боломж олгохоор шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна.
Улиран өнгөрч буй бар жилд хот хөдөөгийн авто замууд шинэчлэгдэж, нэлээд хэсэгт нь засвар хийлээ. Төмөр замын тээвэрт ахиц гарч, ОХУ-аар дамжин өнгөрөх манай экспортын тээвэрт тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой боллоо. Мөн авто тээврийн салбарынхан маань түүхт 80 жил, геодезийн салбарынхан маань 40 жилийн ойгоо тэмдэглэж, ажил хөдөлмөрөө дүгнэлээ. Барилгын салбарынхны хувьд бүтээн байгуулалт өрнөж, олон айл шинэ орон сууцанд гал голомтоо бадраасан байна. Иргэний нисэхийн салбарынхны хувьд аюулгүй ажиллагааг эрхэмлэн үр дүнтэй ажиллаж байгаагаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн амжилттай байлаа. Монгол хүн бүр газар өмчлөх эрхтэй болсныг амьдралд хэрэгжүүлэхээр манай газрын харилцааныхан шамдан ажиллаж байна.
Харин ирж туулай жилд бид шинэ төмөр замаа барьж эхлэх, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэх мэт жинхэнэ их ажлын гараан дээр ирээд байна. Хоёр он солигдох энэ агшинд эрхэм Та бидний хамтран бүтээсэн, ирээдүйд хийж бүтээх их ажил хөдөлмөрийн үр шимийг төсөөлөн, түүний төлөө гар нийлэн ажиллахад таатай байгаагаа илэрхийлье.
Монголын нийт ард түмэн, хот байгуулалт, газрын харилцаа, геодези, тээвэр, зам барилга, нийтийн аж ахуйн салбарын хамт олондоо хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ угтан золгож байгаа энэ цаг мөчид эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга