Д.Арвинг ОУОХ-оос Спортын шилдэг эмэгтэйгээр тодрууллаа
УИХ-ын хурлын гишүүн Д.Арвинд Олон Улсын Олимпийн Хорооноос “ICO Women and Sport Trophy" тэргүүн шагналыг олгохоор болжээ. Эмэгтэйчүүд ба спортын салбарт хүчин зүтгэж, улс эх орондоо спортыг хөгжүүлэхэд гарагсан амжилтыг нь үнэлж түүнд энэхүү олон улсын нэр хүндтэй шагналыг олгож байгаа юм байна.
Ирэх 3-р сарын 5-ны өдөр Лозанн хотод дахь олимпийн музейд болох ёслолын үеэр ОУОХ-ы дарга Жак Роrrе өөрийн биеэр Д.Арвинд уг цомыг гардуулах юм байна.
Энэхүү шагналыг 2000 оноос эхлэн ОУОХ-оос эмэгтэйчүүд ба спортын салбарт өндөр амжилт гаргасан зүтгэлтнүүдэд олгож эхэлсэн бөгөөд өдгөө жил бүр энэ шагналын төлөө гишүүн 205 орны Олимпийн хороо өөрийн шилдгүүдээ нэр дэвшүүлдэг байна. Харин ОУОХ нэр дэвшигчдээс зөвхөн нэгд нь л дээрх шагналын олгодог байна
Д.Арвин гишүүн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, эмэгтэйчүүд ба спорт комиссын дарга, Монголын бүжгийн спортын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын спортын барилга байгууламжийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг бөгөөд Макао-2005 Зүүн Азийн IV наадам, Бали-2008 Азийн элсний спортын анхдугаар наадамд оролцсон Монголын багийн ахлагч (chet-de-mission)-аар ажиллаж байсан юм.
Өмнө нь эмэгтэйчүүд ба спортын чиглэлээр манайхаас Буудлагын холбооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаа (2000), самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат (2004), Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Баярбаатар (2008) нар ОУОХ-ны өргөмжлөлөөр шагнуулж байсан түүхтэй.
Ази тивээс Хятадын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг (2000), Малайзын эмэгтэйчүүдийн
зүлэгний хоккейн холбоо (2001), Мьянмагийн эмэгтэйчүүдийн спортын холбоо (2002), С.Каррион (Филиппин, 2003), Ф.Ханам (Бангладеш, 2004), А.Пеннефадер (Сингапур, 2005), Элиса Ли (БНСУ, 2006), Н.Шатара-Харроуб (Палестин, 2007) нар " ICO Women and Sport Trophy"-г эх орондоо залж, эмэгтэйчүүд ба олимпизмийг баярлуулжээ.