Нийлэг уутны хэрэглээг хязгаарлана
2009.03.24

Нийлэг уутны хэрэглээг хязгаарлана

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүхий л дэлгүүр, худалдааны цэгүүд хүнсний бүтээгдэхүүний савлагаанд байгаль экологи, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй нийлэг уут хэрэглэж байна.

 

Гаалийн  статистикийн газрын мэдээгээр зөвхөн 2007 онд 65 сая нийлэг уут, 228 мянган тонн нийлэг уутны түүхий эд импортоор оруулж ирсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад тоо ширхэг нь 32 хувиар нэмэгджээ. Энэ нь хамгийн багаар тооцоход манай улсад хоногт 180 мянган ширхэг нийлэг уут хэрэглэж байна гэсэн үг юм. Түүнчлэн зөвхөн Улаанбаатар хотод байдаг 49 сүлжээ дэлгүүрээс \"Миний дэлгүүр\"-ийн сүлжээний нэг дэлгүүр л гэхэд өдөрт 18 мянга, \"Номин\", \"Скай\", \"Макс\", \"Сансар\" сүлжээ дэлгүүрүүд болон өргөн хэрэглээний барааны захууд нэг өдөрт нийтдээ 150 мянган ширхэг нийлэг уут зардаг гэсэн тооцоо байдаг аж. Гэтэл манай урд хөрш БНХАУ-д нийлэг уутыг үнэгүй тараадаг байснаа 2008 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн сав, баглаа боодлын зориулалтаар нимгэн нийлэг уут хэрэглэхийг бүрмөсөн хориглосон байна.

Иймээс байгаль экологи, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Балдан-Очир, Л.Гансүх, Э.Мөнх-Очир нар Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.

Байгальд хор хөнөөлгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох даавуун уут, цаасан торыг хүнсний бүтээгдэхүүний савлагаанд өргөнөөр хэрэглэх нь эрүүл ахуйн төдийгүй эдийн засгийн ихээхэн ач холбогдолтойг хуулийн төсөлд дурдсан байна. Тухайлбал, хэрэглээнд нэвтрүүлэх хамгийн том хэмжээстэй бор цаасан уутыг ОХУ-аас 100, БНХАУ-аас 120 төгрөгөөр импортоор оруулж зах зээлд гаргах боломжтой аж. Мөн \"Онги тур\", \"Гурван тэмээ\" компаниудын хамтран үйлдвэрлэж байгаа даавуун тор гэхэд 800-1100 төгрөгийн үнэтэй юм. Ийм торыг нэг өрх бүтэн нэг жил хагас хэрэглэх бүрэн боломжтой юм байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  уг хуулийн төслийг ирэх 4 сарын 6 өдөр нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулахаар боллоо.   

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.