С.Урангэрэл:
Мэдүүлгийн шатанд гуравдагч этгээд эсэргүүцэл гаргаж болдог боллоо
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдолын талаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэлтэй ярилцлаа.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт орох ямар шаардлагууд үүссэн бэ?
Манай улс анх 2003 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг батлан мөрдүүлж, улмаар Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ болон нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2010 онд шинэчилэн найруулсан байдаг. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэхэд хүндрэл гарах болсон төдийгүй барааны тэмдгийн мэдүүлэг хүлээж авах, хайлт шүүлт хийх үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан мөн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх зорилгоор Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Жишээ нь “Газар зүйн заалт гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг”; гэж нэр томъёо буруу тодорхойлсныг Монгол Улсын олон улсын гэрээ болох Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай Хэлэлцээр (TRIPS)-т нийцүүлэн “газар зүйн заалт гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг” гэж залруулсан
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар зохицуулалтыг шинээр оруулж өгсөн бэ?
Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжиж, мэдүүлгийг хэвлэдэг болсон ба энэ нь олон нийтэд нээлттэй мэдээлэл юм. Иймээс сонирхогч этгээд мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 3 сарын дотор тухайн мэдүүлэгт эсэргүүцэл гаргаж болох зохицуулалтыг нэмж оруулсан. Энэ нь шүүлтийн чанар сайжрахад нөлөөлөх ба бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлыг багасгах давуу талтай.
Мөн Парисийн конвенцийн 5С болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай Хэлэлцээр /TRIPS-н/ -ийн 19 дүгээр зүйлийг тус тус заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол сонирхогч этгээдийн хүсэлтээр Маргаан шийдвэрлэх комисс тухайн бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгож болох зохицуулалтыг оруулсан.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн байсан. Иргэд энэ асуудал дээр яагаад хариуцлагагүй ханддаг вэ?
Нэр хаягаа өөрчилсөн барааны тэмдэг эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд өөрчлөлтөө хийдэггүй зөрчил түгээмэл бий. Хэдийгээр хуульд нэр, хаягаа өөрчилсөн тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэсэн заалт байдаг ч манайхан хариуцлагагүй ханддаг. Манай дээр бүртгэлтэй хаяг, утсаа нь холбогдохоор утас, хаягаа сольсон тохиолдол их гардаг. Ийм учраас хуульд үүрэгжүүлж өгсөн.
Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл
Манай иргэд, аж ахуйн нэгжүүд барааны тэмдгээ хэр их бүртгүүлдэг вэ?
Сүүлийн жилүүдэд барааны тэмдгийн мэдүүлэг эрчимтэй өсч байна. Жишээ нь 2017 онд бид 3000 гаруй мэдүүлэг хүлээн авч байсан бол 2020 онд нийт 4190 мэдүүлэг ирсэний 60 хувь нь гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн мэдүүлэг байна. Монгол Улсаас Говь, АПУ гэсэн 40 гаруй томоохон компани барааны тэмдэгтээ гадаад улс орнуудад бүртгүүлсэн байдаг.
Хууль батлагдахаас өмнө иргэдээс ямар төрлийн гомдол, санал их ирдэг байсан бэ. Хууль батлагдсанаар энэ асуудал яаж шийдэгдэх вэ?
Барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой гуравдагч этгээдээс маргаан шийдвэрлэх комисст гомдол ирдэг байсан. Мэдүүлгийн шатанд эсэргүүцэл гаргах боломж иргэдэд шинэ хуулиар бүрдсэн гэж дээр дурдсан. Иймээс энэ асуудал харьцангуй багасна гэж харж байгаа.
Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.