Дүйцүүлэх албаны төлбөр 2.3 сая болно
Өчигдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор “Цэргийн алба хаах тухай хуульд өөрчлөлт оруулах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах төлбөрийн хэмжээг 30 хувиар нэмэх тухай заасан байгаа юм. Байнгийн хороодын гишүүд хэлэлцээд тогтоолын төслийг дэмжлээ. Дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээ өмнө нь 1.7 сая төрөг байсан бөгөөд одоо 30 хувиар нэмсэн юм бол 2,3 сая төгрөг болгох юм. Сүүлийн үед цэргийн албанаас чөлөөлөгдсөдийн тоо хурдтайгаар өсөж байгаа аж. 2007 онд 700 хүн чөлөөлөгдөж байсан бол 2008 онд хоёр дахин их 1400 болж өссөн байна. Үүнээс гадна залуусын дунд цэргийн алба ч хаадаггүй, дүйцүүлэх албанд ч хамаарагдахгүй цэргийн албанаас зайлсхийх явдал газар аваад байгаа юм. Цэргийн алба хаах нь Үндсэн хуульд заасан иргэний үүрэг билээ. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхэд дүйцүүлэх албаны төлбөрийг нэмэх нь ихээхэн хөшүүрэг болох ажээ.
Нөгөө талаараа дүйцүүлэх албаны төлбөрийг нэмэх болсон нь дүйцүүлэх албаны мөнгөн хэмжээг цэргийн алба хааж байгаа нэг албан хаагчийн жил хэрэглэх зардалтай тэнцүүлэг олгодогтой холбоотой ажээ. Сүүлийн үеийн үнийн өсөлт, инфляци зэргээс цэргийн алба хаагчдын зардал өсжээ. Батлан хамгаалах яамны сайд Л.Болд дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг нэмэх болсон гол үндэслэл бол цэргийн албаны насны залуусын үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргээ биелүүлж цэргийн албыг биеэр нь хаалгах юм хэмээн онцоллоо.