2021.06.02

М.Говьсайхан: Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нийтийн эрхийг хөндөж болохгүй

2019 онд Нийслэл хотын нутаг дэвсгэрт байгаа хашаа, хайс барих, ашиглах, буулгах тухай журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангуулах талаар НИТХ-ын тогтоол батлагдсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гарган иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэх, авто замын түгжрэлийг багасгах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэхээр стандартын бус хашаа, хайс барьсан газрыг чөлөөлж байна. 

Уг ажилд иргэд, аж ахуй нэгжүүд талархалтай хандаж байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан сонгогдохдоо иргэддээ амлаж байсан нэг амлалт бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайсыг буулгаж, иргэд аюулгүй зорчих боломж, нөхцөлийг бүрдүүлэх тухай байсан. Түүний энэ амлалт ажил хэрэг болж ийнхүү НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарган, хэрэгжүүлж байна. 

Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинаа зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг. Эдгээр хайс, хашаа, шонг авснаар иргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм. 

НИТХ-ын тогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн. Үүний хүрээнд нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барьсан 423 хашаа, хайс, шон, хаалтыг буулгажээ.

НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан

“Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэж, автозамын түгжрэл буурах, Нийслэлийн хотын өнгө үзэмж ч сайжрах болно.”

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn