"Иргэний нийгмийн байгууллагууд ардчилсан нийгмийн тулгуур нь болдог
2021.06.04

"Иргэний нийгмийн байгууллагууд ардчилсан нийгмийн тулгуур нь болдог

МАН өнөөдөр /2021.06.04/ ТББ-уудын төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо зэрэг  30 орчим байгууллагатай гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар болов.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн дунд олон удаагийн социологийн  судалгаа хийж үзсэн.

Нийгэмд шударга ёсны нэхэмжлэл их, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг шаардаж байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа томоохон орд газрууд, улсын өмчит үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авсан. Өнөөдөр бид үр шимийг нь хүртэж байна.  Иймд төр засаг байгалийн баялгаа хурдан эргэлтэд оруулж, иргэддээ хүртээх ажлыг шуурхай хийх ёстой. Ийм ч учраас  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлэн ажиллаж байна.

МАН иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай. Иргэний нийгмийн байгууллагууд бол ардчилсан нийгмийн тулгуур нь байдаг.

МАН цаашид ч ардчилсан нийгмийн төлөө та бүхэнтэй хамтарч ажиллана.  Санамж бичгийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтарч ажиллахад чиглэх юм. МАН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт та бүхний сонгуулиас өмнө хүргүүлсэн саналыг тусгасан. Хамтарч ажиллах зорилго тавьж ирсэн та бүхэндээ талархлаа” гэлээ. Энэ үеэр  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт  “Би 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн.  

Анх талбай дээр Үндсэн хуулиа бариад шударга нийгэм, шүүхийн төлөө үг хэлж байсан. Бид өнөөдөр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх цаг болсон. Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө нийт 70 гаруй ТББ нэгдсэн байгаа. Иймд шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Олон нам, эсвэл, ТББ-ууд өөр өөр үзэл бодолтой, чиг үүрэг нь өөр ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой.

Үндсэн хууль, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэх учиртай” гэлээ. Түүнчлэн Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Шагжжав, ард түмэндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.