Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангарагаа өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдсэнээр тангараг өргөх ёслол эхэлсэн юм.
Ёслолын эхэнд бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзнаа байраа эзлэв. Дараа нь УИХ-ын дарга шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг тангараг өргөхийг урилаа.
Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх индэрт очиж, Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дээдлэн дуудав. Үүний дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад гардуулав.
Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг Төрийн далбаанаас адис авсны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барив. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адис аван ширээнд залав.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn