Байнгын хорооны тогтоолыг баталлаа
2021.06.29

Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 9 цаг 40 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.

Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулах хүрээнд дээрх төслийг боловсруулжээ.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжснээр “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав