АН-ын бүлэг “гар утас чагнах” хуулийг дэмжсэнгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 14 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, таван асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдааны тухай мэдээллийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээллээ.
Эхний ээлжид Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, төсвийн хүрээний мэдэгдлүүдийг хэлэлцсэн байна. Төсвийн зардлын реформыг хийх, үйл ажиллагааны зардлаа багасгах асуудлыг хөндөж ярилцжээ. Гишүүд хэлэлцээд энэ асуудлаар яаравчлах чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болжээ. Мөн төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.
Цааш нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Засгийн газрын санал дээр малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд үүн дотор малчин өрх, мал бүхий этгээд гэж хоёр үндсэн хэсэгт хуваасан байсанг хэлэлцээд зөвхөн малчин өрхийг бус, мал бүхий этгээдийг ч хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал дээр гишүүд нэгдсэн хэмээжээ. Түүнчлэн Зарим бараанд ноогдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тэглэх асуудал дээр намын бүлэг дэмжээд явах нь зүйтэй гэдэг байр суурь дээр тогтсон байна.
Харин Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ. Энэ хуулиар гэмт хэргийг таслан зогсоох үүднээс хууль сахиулагчид гар утас чагнах зөвшөөрөл олгох тухай энэ хуулийг засгийн газар УИХ-д оруулж ирээд байгаа билээ.