2021.08.19

Үдийн хоол хөтөлбөр амжилттай хэрэгжихэд П.Анужин гишүүний оролцоо их

Манай улс ЕБС-ийн сурагчдыг Үдийн цай хөтөлбөрт хамруулдаг болоод  арав гаруй жил болж буй ч ахиц дэвшил, үр дүнгүй байсан нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байсантай холбоотой.

Монгол сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахааргүй хэмжээнд байсан. Үүгээр ч зогсохгүй сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь сахарын хэмжээ ихтэй, төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд, уудаг зүйлсийнх нь дийлэнх нь хүнсний будагч бодистой нь шинжилгээгээр тогтоогдож байлаа.

Иймдээ ч “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй, өдрийн илчлэгийн 1/3-ийг нөхөхүйц болгон өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн.

2019.05.30-нд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдсан. Харамсалтай нь уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл их байсан юм. Тиймээс ч Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021.04.27-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж,шийдвэрлэсэн. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин ахалж ажилласан юм. Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг сургуулиуд дээр очин биечлэн шалгаж ажиллан дүгнэлтээ гаргасан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр холбогдох хуульд заасны дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад ЕБС-ийн сурагчдыг өдөрт 1500 төгрөг, харин тусгай хэрэгцээт сурагчдыг өдөрт 2400 төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан юм.

Өмнө нь хэрэгжиж байсан Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байв. Харин хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон. Ингэснээр үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдах юм.

“Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны зардалд энэ онд 58 тэрбум, 2022 онд 174 тэрбум, 2023 онд 240 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүнээс ирэх гурван жилд гадна гал тогоогүй 488 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангахад 22.4 тэрбум, 235 сургуульд засвар хийхэд 17.9 тэрбум төгрөг, 11 сургуульд хоолны газар барихад 6.6 тэрбум төгрөг, 23 сургуульд өргөтгөл барихад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай. Түүнчлэн хоол зүйч, тогооч, туслах ажилтнуудыг ч бэлтгэх аж.

Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. Харин 2022 оноос 6-9 дүгээр ангийн сурагчдыг Үдийн хоол хөтөлбөрт нэмж хамруулах юм. 2023 оноос ЕБС-ийн бүх сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар хуульд заасан.  

Үдийн хоол төслийг боловсруулж, хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн ахлагч П.Анужин гишүүний оролцоо их байсан билээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралтай нүүр тулаад буй хүндхэн цаг үед ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө хичээн ажиллаж, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжил, сурлагад эерэг өөрчлөлт авчрах цогц шийдвэрийг гаргуулахын төлөө ажилласан П.Анужин гишүүний хичээл зүтгэл ирэх сараас улс орон даяар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. 

Тэрээр УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаануудад ЕБС-ийн хүүхдийн үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг дараах байр сууриудаараа илэрхийлж байсан.

УИХ-ын гишүүн П.Анужин

Өнөөдөр бид хүүхдүүддээ өгөх ганц аяга хоолон дээр байж болох хамгийн бага зардал хэрэглэж байгаа нь Монгол Улсын эмгэнэл гэж үзэж байна. Хүн амын ихэнх хэсэг нэн ядуу байгаа энэ үед сургуулийн хүүхдүүдэд өгч байгаа үдийн хоол тухайн хүүхдийн бүтэн нэг өдрийн хоол болж байгаа тохиолдол элбэг байгааг та бид мэднэ. Бусад зам, гүүр барих тухай, нефть, нүүрс, экспорт чухал. Гэхдээ улсын хөгжлийг  эрүүл иргэнгүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ эрүүл иргэнийг бий болгодог чухал зүйл нь эрүүл найдвартай хоол хүнс юм. Дэлхий нийт цар тахалд нэрвэгдсэн нь вакцинаас илүү хувь хүний дархлаа чухал гэдгийг ойлгуулсан. Гэтэл бид үр хүүхдийнхээ дархлааг дэмжих энэ төсвөөс зугтаад, ухраад байх юм уу?” 

Мөн,

“Бид энэ оны есдүгээр сараас эхлэн сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгөхөөр хууль баталсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан миний бие ахлан ажилласан. Энэ оны 9 сараас эхлэн бага ангийн хүүхдүүдэд шим тэжээлтэй халуун хоол өгч, 2022 оноос дунд, ахлах ангийнхан гэсэн шаталбараар явна. Ажлын хэсэг ахлах хугацаанд байж болох хамгийн бага зардлаар шим тэжээлтэй хоол хүүхдүүддээ өгөх боломжийг судлан мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ судалгаанд үндэслэн нэн яаралтай шийдэх шаардлагатай төсвийг байнгын хорооны тогтоолд тусган хүргүүлсэн. Гэтэл энэ тухай хөгжлийн хөтөлбөрт нэг ч өгүүлбэр байхгүй байгаад харамсаж байна.” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлж байсан удаатай. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ЕБС-ийн зарим сургуулиар зочилж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох бэлтгэл ажилтай танилцсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож буй нь хүүхдийн хичээл сургуульдаа анхаарах, эрүүл мэнд бие бялдарын хөгжилд туйлын чухал ач холбогдолтой зүйл болж байна хэмээн сайшаасан юм. 

П.Анужин гишүүн “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох төсөл хөтөлбөрийнхөө талаар өөрийн цахим хуудастаа: “Ажлын үр дүн гарсан сайхан өдөр. Байнгын хороонд ахалсан ажил маань хэрэгжиж, ЕБС-ийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг 1500, 6-9 дүгээр ангийг 1800 төгрөг байхаар шийдвэрлэлээ! Маш чухал шийдвэр! Улсын ирээдүй болсон үр хүүхдийнхээ хоолны чанарт анхаарч, эрүүл зохист хоолоор дамжуулан эрүүл иргэнийг бүтээх энгийн атлаа маш чухал эхний алхам! Алгын чинээ үрсдээ аяга шимтэй хоол өгч дийлэхгүй бол улс байхын хэрэг юун! Энэ сайн шийдвэрийг гаргуулахын төлөө хичээн ажилласан! Ухуулсан, ойлгуулсан! Бас ширүүн ч үзэлцсэн”  хэмээн нийтэлжээ.