НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Уулын Фитнесс”-т шинэ тоног төхөөрөмж байрлуулжээ
Өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх ууланд хэсэг залуус хамтран фитнессийн тоног төхөөрөмж байрлуулан хүүхэд залуусаа цэвэр агаарт гарч дасгал хийн чийрэгжихийг уриалж байсан.
Тэгвэл “Уулын Фитнесс” хэмээн нэрлэгдэх болсон тус хэсэгт НИТХ-ийн төлөөлөгч, Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хувиасаа шинэ тоног төхөөрөмж байрлуулжээ.
Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хөл хорионы үед цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа сайжруулан, эрүүл мэндээ дэмжихэд нь ийнхүү тоног төхөөрөмж нэмж байрлуулсан нь цагаа олсон, оновчтой тусламж болж байна.
Иргэн бүрт нээлттэй, спортын бүх бэлтгэлийг хийх боломжтой гэдгээрээ “Уулын Фитнесс” онцлог бөгөөд харуул хамгаалалт, эрчим хүч гэхчилэн шийдэх шаардлагатай асуудлууд нь судалгааны явцад байгаа гэдгийг НИТХ-ийн төлөөлөгч З.Төмөртөмөө онцолжээ.