Ирэх амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна
2021.08.20

Ирэх амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна. Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.  

Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. 

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.

Нийслэлийн I ангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна

Мөн хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Коронавирусийн цар тахал нь боловсролын салбарт хамгийн их нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж.

2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ.  2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм.