Шадар сайд С.Амарсайхан Баянхонгорт ажиллалаа
Өнөөдөр (08.25) Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссийн хуралдаанд оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар Шадар сайд холбогдох албаныханы мэдээллийг сонсож дүгнэсэн юм.
Манай аймгийн хувьд коронавируст халдварын эхний давалгаа 3 сарын 24-нөөс эхэлж нэг сарын хугацаанд эх уурхай, голомтыг цомхотгож чадсан. Хоёр дахь давалгаа 6 дугаар сараас эхэлж одоог хүртэл үргэлжилж буй. Энэ хугацааанд:
- Тандалт судалгааг идэвхитэй хийж илрүүлэх,
- Голомтын болон гудамж талбай, үйлчилгээний газрын ариутгалыг өргөн далайцтайгаар хэд хэдэн удаа зохион байгуулсан,
- Эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг тасралтгүй хангаж ажилласан,
- Халдвартай иргэдээ аймагтаа бүрэн эмчлэн эдгээж байгаа,
- Нэг өрх-Нэг шинжилгээ арга хэмжээг шаардлагатай хугацаанд нь хэрэгжүүлсэн,
- Анагаахын чиглэлээр суралцаж буй аймгийнхаа оюутнуудыг тодорхой цалин урамшуулалтайгаар оношлогооны багт дайчлан ажиллуулсан,
- Хүчилтөрөгчийн үйлдвэрээс иргэдэд шууд очих хүчилтөрөгчийн хошууг нэмэгдүүлж, хүртээмжийг өргөтгөх зэрэг ач холбогдолтой хэмжээнүүдийг аймгийн Онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлсэн юм.
Түүнчлэн аймгийн нийт 89.955 иргэнээс вакцины эхний тунд 63.1% хувь, бүрэн тунд 57.6 хувийг хамруулаад байгаа аж.
Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтийг даван туулахад хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав.
Ган, зудын улмаас их хэмжээний мал хорогдож малчид эдийн засгийн хүнд гарз хохирол туулахаас сэргийлж мал мах борлуулах арга хэмжээг ЗХЖШ, Ерөнхийлөгчийн тамгын газар болон хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан намар эртээс авч чадсанаар 3 сая шахам толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.
Мөн өвс тэжээлийн нөөцийг тасралтгүй хангаж, заримыг хөнгөлөлттэй үнээр малчдадаа нийлүүлж, онд орох боломжгүй 10 мянган төл малыг төрийн байгууллагууд худалан авч аймгийн төвдөө тэжээж бойжуулах зэрэг шуурхай ажлуудыг зохион байгуулсаар урин цагтай золгожээ. Харин сумдад хорогдсон малын сэг зэм устгалыг аймаг өөрийн нөөц боломжид тулгуурлан холбогдох зардлын 50 хувийг гаргаж шийдсэн. Гэвч тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдлийг аймгаас гаргах боломжгүй байгаад туслалцаа үзүүлэхийг Шадар сайдаас хүссэн. Мөн Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүс нутгийн малыг дархлуужуулах шаардлагатай байгааг мэдээлэв.
Шадар сайд С.Амарсайхан, "Тус аймгийн хувьд цар тахал болон ган зудын давхар эрсдэлтэй хүнд үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, салбар хоорондын уялдаа холбоо, аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа маш сайн байгаа. Зохион байгуулалт, хариуцлагаа өндөржүүлэн нэгдэж, улс болон дээд газраас нэхэж шаардалгүйгээр боломжоо дайчлан хүнд үеийг туулж байгаа аймгийн Онцгой комисс, ИТХ, Засаг дарга, ЗДТГазар, Эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдлын газар, Цагдаа болон Мэргэжлийн хяналтын алба, төрийн байгууллагынханд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид энэ эрчээ алдалгүй улам хичээж ажиллан цар тахлыг давахад аж ахуйн нэгж, иргэдээ татан оролцуулж хамтдаа давахад ажлаа чиглүүлээрэй. Аймгийн Онцгой комиссоос уламжилсан хүсэлт, анхаарах зарим асуудлыг судлаж нааштайгаар шийдвэрлэх болно” гэлээ.