Хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байна
2021.09.08

Хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хотын даргын орлогч нар иргэдтэй уулзаж байна.

Иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын хамт зарим иргэнийг хүлээн авч уулзан, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Иргэд газрын давхцал арилгуулах болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьж, бусдын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах шаардлагатай байгааг албаныханд уламжилж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барьж байгуулах асуудлаар тус дүүргийн зургадугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгөв. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварыг өргөтгөх,
  • Орон сууцны хорооллуудад дундын холбоос зам гаргах байдлаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих асуудлаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах,
  • Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Ажлын хэсэг гаргаж, дээрх иргэдийн газрын маргаантай асуудлыг хуулийн дагуу шалган, шуурхай шийдвэрлэхийг тус тус үүрэг болголоо.

НЗДТГ-аас дээрх үүрэг даалгаврыг албажуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Дээрх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.