2021.09.24

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хутаг-Өндөр сумын хэмжээнд дотуур байранд амьдрах шаардлагатай малчин өрхийн 337 сурагч байдаг боловч багтаамжаасаа хамааран 100 гаруй хүүхэд дотуур байранд хамрагдаж байна.

Үлдсэн 200 хүүхэд сумын төвд байдаг ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдарч хичээл сургуульдаа хамрагдаж байгааг харгалзан ирэх 2022 оны Улсын төсөвт тусгаж дотуур байрны асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Хутаг-Өндөр сум цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй. Энэ хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулсан байна. Суманд 1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ цэцэрлэг баригдаж байгаа боловч санхүүжилт дутсаныг ирэх онд бүрэн шийдвэрлэж өгнө.

Мөн малчдын хүүхдүүдийг явуулын цэцэрлэгт хамруулах зорилгоор 2 гэр бүхий 1 багц гэр цэцэрлэг, сургуульд 500 ном олгохоор шийдвэрлэснээ Л.Энх-Амгалан сайд хэллээ.