“Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний анхдугаар чуулга уулзалт боллоо
Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр (2021.10.04) Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлсэн бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн газрын Нийтийн институц болон цахим засаглалын хэлтсийн Тогтвортой хөгжлийн зорилгын институцийн асуудал хариуцсан ахлах Давид Лэ Бланк “Тогтвортой хөгжлийн зорилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэсэн институцийн зохицуулалтад баримталж буй дэлхийн чиг хандлага ба сайн туршлага” сэдвийн дор илтгэл тавьсан юм.
Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үндэсний тогтолцоогоо сайжруулсанаар оролцогч талуудын оролцоог, тэдний үүрэг ролийг нэмэгдүүлэх, хамтын үр дүн гаргах асар их боломжтой. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бусад орны сайн туршлагаас сурах, хуваалцах боломж их байгааг илтгэлдээ дурдаж байлаа. Бусад орны сайн туршлагыг танилцуулбал,
Дараа нь Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Тогтвортой хөгжлийн зорилго: Мэдээллийн бэлэн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвийн дор илтгэл тавив.
Үүний дараа “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь: Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг Улсын Их Хурлаар батлуулах нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн панелистаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар оролцож, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсгийг “Цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал М.Болдоо ,Монос Групп ХХК-ын Гүйцэтгэх захирал Х.Ананд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар панелистаар оролцлоо.
Ингээд “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хааж, үг хэлсэн юм. Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлаар нэгдсэн нэг ойлголттой болж, “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, дотоодод нутагшуулах нь”, “Цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд УИХ дахь гол байнгын хороод болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” бүлэг сэдвээр онцгойлон хэлэлцэж, санал бодол, туршлагаа хуваалцах боломж олгосон арга хэмжээ боллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах болсныг мэдэгдсэн. Тус зөвлөл нь Улсын Их Хурал болон Засгийн газар, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн байх юм. Энэхүү зөвлөлийг үүсгэн байгуулснаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад чиглэсэн институц болон бодлогын уялдааг бий болгож, шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэгжилтийг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сайн туршлага, санаачлагуудыг хуваалцах, техникийн эксперт, зөвлөхүүдийг шаардлагатай үед хангах, дайчлах, олон нийтэд холбогдох мэдээллийг цаг алдалгүй түгээх, үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна хэмээгээд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтад оролцож, үнэтэй санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлснээр энэхүү арга хэмжээ өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.