Хөвсгөл, Баянхонгор аймгуудад хоногт 500-1000 литр сүү боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад орлоо
2009.07.31

Хөвсгөл, Баянхонгор аймгуудад хоногт 500-1000 литр сүү боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад орлоо

УИХ-аас баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт газар тариалангийн бүс нутгийг түшиглэн томоохон хот суурин газрын орчимд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх улмаар орон нутагт сүү боловсруулах жижиг, дунд үйлдвэр, цех байгуулж үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр ард иргэдийн хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих”, “Сүү”, “Хүнсний баталгаат байдал” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Иймээс Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж байгаа “Сүүний төслийн II үе шат”-ны хүрээнд сүү үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэлийн хэлхээний шат бүрт тохирсон загваруудыг сум, аймгийн хэмжээнд бий болгох ажил хийгдэж эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд сум, дүүргийн хэмжээнд ажиллах сүү боловсруулах 22 цех, аймгийн хэмжээнд хоногт 500-1000 литр сүү боловсруулах 4 үйлдвэрийг шинээр бий болгоход шаардагдах тоног төхөөрөмжийг эргэн төлөгдөх хөнгөлттэй нөхцөлөөр олгогдож байна. Аймгийн хэмжээнд ажиллах хоногт 500-1000 литр сүү боловсруулах үйлдвэрүүдийг Дорнод аймгийн “Найнги” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Титаник” ХХК, Баянхонгор аймгийн “Барууншанд” ХХК-иудад тус тус ашиглалтад оруулж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ. Уг сүү боловсруулах жижиг үйлдвэрүүдийг БНЭнэтхэг Улсаас импортоор оруулж ирсэн. Үхэр, сарлаг, бог малын сүүгээр ундны ариутгасан сүү, төрөл бүрийн тараг, зөөхий, цөцгийн тос, аарц, ааруул, бяслаг зэрэг өртөг шингэсэн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Зарим бүс нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Энэхүү үйлдвэрүүд ашиглалтад орсоноор хүн ам төвлөрсөн аймгийн төвийн ард, иргэдийг үйлдвэрийн аргаар боловсруулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах боломж нээгдэхээс гадна 25-30 малчин өрх сүүгээ үйлдвэрт нийлүүлж өдөр тутмын орлоготой болох эх үүсвэр тавигдаж байна. Дотоодын сүү боловсруулах үйлдвэрүүд ”Хүүхэд бүрт аяга сүү, Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” гэсэн уриан доор бүтээгдэхүүнээ зах зээлд гарган импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.