2021.11.01

Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь Нийгмийг гэрэлтүүлэхийн төлөө

Онош нь тогтоогдохгүй байсан нэг ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2010 онд  найзуудтайгаа хамтран зохион байгуулсан хандивын аян амжилттай болж бяцхан охин өдгөө гэр бүлдээ аз жаргал бэлэглэн, үе тэнгийхэнтэйгээ зэрэгцэн хөгжиж, элэг бүтэн, эрүүл энх амьдарч буй.

Анхны хандивын аян нь амжилттай болсонд урамшсан Б.Баярсайхан гишүүн тусламж хэрэгтэй бүхэнд сайхан сэтгэлээр туслах Өгөх Өдөртэй болох зорилго тавин жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний Өгөх Өдөр” хэмээн нэрлэн танилцуулснаас хойш 11 намрыг үджээ.

Удвал охин "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын хамт олны хамт

“Үндэсний Өгөх Өдөр” энэ онд буюу 11 дэх жилээ “Сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриалга дэвшүүлжээ. 

Төрөөс албан ёсоор тэмдэглэлт өдөр болгон  хуульчлаагүй хэдий ч нийгмийн сайн сайхны төлөө, итгэл найдвар, хайр, сайхан сэтгэлийг бусдад бэлэглэхийг хүссэн хэн бүхэн, аж ахуй нэг, компаниуд энэ л өдрийг албан ёсоор тэмдэглэн нийгэмдээ гэрэл асаасаар байна. 

УИХ-ын гишүүн гэдэг зөвхөн улс төр, эдийн засгийн үүднээс аливааг хардаг гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилж чаддаг хүн бол УИХ-ын гишүүн Б.Баярсайхан. Улс төрч эмэгтэйчүүд дундаа хүмүүнлэг нийгэм, хүнлэг хүнийг төлөвшүүлэх ёстой гэсэн зорилгоо өнөөг хүртэл хадгалж, хийсэн үйлдэл, хэлсэн үгээрээ баталж яваа. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгуулан энэ чиглэлд санаа тавьж, салбар бүрийн төлөөлөлтэй хамтран ажиллаж айдасгүй, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг таниулах ажил хийж байна. Хүчирхийллийн эсрэг лобби” бүлгийн санаачилгаар дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүдийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болох “Цагаан туузтны аян”-д Монгол Улс, тэр дундаа Монгол Улсын парламент дэмжин нэгдэж буйгаа илэрхийлэн гишүүд энгэртээ “Эерэг болгоё” хэмээх бичигтэй цагаан туузтай, ширээ нь бяцхан чихмэл тоглоомтой хуралдсан. Улсын Их Хурлын чуулганд оролцож буй гишүүдийн энгэрт зүүсэн цагаан тууз, ширээн дээрх чихмэл тоглоомыг харсан иргэн бүрт би ч нэгдэх ёстой гэсэн бодол төрсөн нь дамжиггүй.

Хүчирхийллийн үндэс нь иргэдийн ёс зүйн боловсролын доройтол учраас түүнийг өөрчлөхийн тулд үндэс сууринаас эхлэх ёстой гэдгийг Б.Баярсайхан гишүүн онцолдог. Улсын ирээдүйн иргэд болсон хүүхэд залуусаа хүмүүнлэг, хүнлэг нэгэн болж өсч, өгөөмөр өглөгч сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэйг ч тэр олж харсан. Бүх шатны боловсролын салбарт холбогдох хуулиудад хүмүүнлэг, хүнлэг хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэхэд хэрхэн анхаарч байгааг илүүтэй анхаардаг. 

 

Б.БАЯРСАЙХАН:БИД ХҮМҮҮНЛЭГ ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГМИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА БОЛ ХҮНЛЭГ ИРГЭНЭЭ БЭЛТГЭХ ЁСТОЙ.

Монголчууд бид олон мянган жил тогтсон, уламжилж ирсэн гэр бүлийн хүмүүжил, хүүхдийг багаас нь ёс суртахууны өндөр боловсролтой, ахас дээдсээ хайрладаг, настан буурлуудаа хүндэлдэг болгон хүмүүжүүлж ирсэн. Зан заншилдаа хадгалагдан үлдсэн хүмүүнлэг хүмүүжлийн арга барилаа сэргээж, уламжлуулах талаар Б.Баярсайхан гишүүн хөндсөн.

“Бид өнгөрсөн 30 жил хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорьж яваа мөртлөө тэр нийгмийг байгуулах “хүнлэг иргэн” бэлтгэх бодлогоо гээсэн. 30 жил бид эдийн засгийн хөгжил ярьсан. Харин хүний хөгжлийн бодлогоо орхигдуулсан. Өвөг дээдсийнхээ хүнээрээ хүн хийх ухаан, бүр онцлоод хэлбэл монгол дотортой, ёс жудагтай монгол хүн бэлтгэх тогтолцоо алдсан гэж харж байна. Дипломын боловсролыг хөгжүүлсэн боловч хүний мөн чанар, хүн байх emotional intelligence буюу зүрх сэтгэлийн боловсролыг мартсан. Тийм ч учраас өнөөдөр Монголын нийгмийн бүх салбарт ёс зүй, ёс суртахуун ус агаар шиг дутагдаж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050-д “хүний хөгжлийн бодлого” номер нэгт тавигдаж байгаа. Өнгөрсөн 30 жилийнхээ түүхээ үнэлж дүгнээд ирэх 30 жилийн алсын хараагаа тодорхойлж байгаа энэ хариуцлагатай цаг үед хүн рүүгээ чиглэсэн, хүнээ хайрлаж дээдэлсэн хөгжлийн бодлогоо тодорхойлж, хугацаа алдахгүй ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд дан ганц төр төдийгүй эцэг эх, монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал.

Жишээлбэл, төрийн түшээ бид, мөн төрийн албан хаагчид авлига ашиг сонирхлоос ангид байж, ёс зүйг эрхэмлэн дээдэлж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодож явдаг” гэж хэлсэн түүний үг бидний анхаарах ёстой олон асуудлыг шийдэх эхлэл болж чадна. 

Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхнээрээ Монгол Улсын иргэн бүр тайван амгалан, аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдрах боломжийг бүрдүүлж Гэрэл Гэгээтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж буй Б.Баярсайхан гишүүний асаасан гэрэл бүхэн улам тодрох нь дамжиггүй.