Ажилгүй иргэдийн тоо 29.4 хувиар өсчээ
Үндэсний стастистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг гаргалаа.
Улсын хэмжээнд 2009 оны эхний 7 сард 40101 хүүхэд мэндэлж, өмнөх оны мөн үеийнхээс 3940 хүүхдээр, 39974 эх амаржиж, 3923 эхээр буюу 10.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нэг хүртэлх насандаа 797 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 63 хүүхдээр, эхийн эндэгдэл 26 болж, 13 эхээр тус тус нэмэгдсэн байна. Харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 122 болж, 30 хүүхдээр цөөн байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2009 оны 7 дугаар сарын эцэст 40.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 9232 хүнээр буюу 29.4 хувиар өсчээ. Үүнд Баян-Өлгий, Ховд, Дорнод аймагт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 13.3-25.6 хувиар буурсан бол Сэлэнгэ, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Дорноговь, Булган, Төв аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 20.1-63.9 хувь, Өмнөговь, Увс аймагт тус бүр 2.1-2.2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ...
Халдварт өвчнөөр 23.0 мянган хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 2144 хүн буюу 8.5 хувиар буурчээ. Халдварт өвчний бууралтад цусан суулгаар өвчлөгчдийн тоо 70.7 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 22.7 хувь, гоноккокт халдвараар өвчлөгчдийн тоо 9.0 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 8.2 хувиар тус тус өссөн хэдий ч вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 42.6 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 15.3 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв.
Улсын хэмжээнд 2009 оны эхний 7 сард 12172 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хэргээр буюу 0.1 хувиар буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс буурахад булаах гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг, бусдыг амиа хорлоход хүргэх зэрэг гэмт хэргүүд 0.6-58.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.