2021.11.12
Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй болно
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болох асуудлаар Гадаад харилцааны яамны, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Олон улсын гэрээ эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Б.Болд нартай уулзлаа.
Хөвсгөл аймагт байрлах Ханх-Мондын боомт нь Монгол Улс Оросын Холбооны Улстай хиллэдэг ачаалал их, томоохон боомтуудын нэг. Тус боомтоор жилд 30 мянга гаруй иргэн зорчдог 2 талын зорчигч тээврийн боомт юм.
Тус боомтыг 2011 оноос олон улсын зэрэглэлтэй боомт болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон боловч Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн боомтын талаар нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн улмаас өнөөг хүртэл бодитоор хэрэгжээгүй юм байна.
Уг асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Ханх-Монд боомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгохоор идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар талууд хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийх албан айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.