Э.Батшугар: Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэгтэй
УИХ-ын гишүүн Э.Батшугараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар тодруулга авлаа.
-Виртуал хөрөнгийн тухай хууль УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийг та хэрхэн дүгнэж байна вэ. Бусад улс орнуудад виртуал хөрөнгийг зохицуулсан зохицуулалт байдаг уу?
-Зайлшгүй хэрэгтэй, цаг үеэ олсон хууль. Энэ хууль байхгүйгээс замбараагүй виртуал хөрөнгүүд, криптовалют 20, 30-аараа гараад ирлээ. Бидэнд өнөөдөр хязгаарлалт биш зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Бусад улс орнуудыг харахад АНУ, Сингапур ерөнхийдөө криповалют өндөр зэрэглэлд хөгжсөн байна. Энэ нь нэгдүгээрт хуультай холбоотой.
-Монгол Улсад өдөрт шинээр койн гаргаж буй олон аж ахуй нэгжүүд бий. Эдгээрийг хэрхэн зохицуулах юм бэ?
-Хязгаарлах биш хамгийн гол нь бүртгэх ёстой юм билээ. Дээрээс нь биржүүдээ бүртгээд, биржүүд нь койнуудад хяналтаа тавих нь хамгийн зөв. Яахав ФАТФ-аас зөвлөмж өгсөн. Тухайлбал, бүртгэ, бүр болиул, аль эсвэл зохицуул гэдэг. Бид хязгаарлаж чадахгүй. Яагаад гэвэл ирээдүйд энэ чиглэл рүү явах нь ойлгомжтой. Бид үүнийг зогсоож чадахгүй.
-Виртуал хөрөнгө бол үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг та хэлж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Аль аль нь биш гэж өнөөдрийн хуулиар явж байна. Магадгүй уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх. Койн, блокчейн технологийг хаашаа явж байгааг хэн ч мэдэхгүй. Дэлхийн ямар ч улсад виртуал хөрөнгийн талаар хууль батлаагүй байгаа. Нэлээн задгай яваад байгаа шүү дээ.
-Та өнөөдрийн МАН-ын их хурлыг юу гэж дүгнэж байна вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд анхны их хурал. Сэтгэл санаа өндөр байна. Хоёрдугаарт, Монгол Улсын арван жилийн хөгжлийг авчрах бодлого хэлэлцсэн. Эдийн засгийн хөгжлийг хязгаарлагчдыг олоод яаж засах уу гэсэн бодлого боловсруулбал аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө аваад явах бололцоотой.
-Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж буй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Одоохондоо миний хувьд хариулт байхгүй байна.