Б.Алтантуяа:

Хүний эрх, хүний эрхийг хамгаалагчдыг хуулиар хамгаалж байна


3 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.Алтантуяа: Хүний эрх, хүний эрхийг хамгаалагчдыг хуулиар хамгаалж байна

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахад УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ энэ удаагийн чуулган нь Хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган боллоо гэж онцолсон. Учир нь хаврын чуулганаар Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, тэдний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн юм. Түүнчлэн Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог ХЭҮК-ын дэргэд байгуулахаар тусгайлан заасан.

Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрвээ эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх томоохон зорилт тавьсан. 

Vip expert сэтгүүл шинэ дугаартаа Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд “Эмнести Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас тодруулсанаа хүргэж байна.


Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, уг хуулиар хүний эрхийн төлөө тэмцэгч нарыг хуулиар хамгаалах боломжтой болсон. Хэр сайн хууль болсон гэж та дүгнэх вэ?

Монгол Улсын Их Хурлаас Хүний эрх хамгаалагчид аюул заналхийлэл, айлган сүрдүүлэлтэд өртөж, амь нас нь эрсдэлд байгааг хүлээн зөвшөөрч, тэднийг хамгаалахаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 4 сарын 2-нд баталсныг талархан хүлээж авсан. Мөн хуулиар хүний эрх хамгаалагчийн гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг хамгаалахаар зааж өгсөнөөс гадна төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг тусгаж өгсөн нь сайшаалтай. Гэвч энэ хуульд бусад хуулиар зохицуулсан харилцааг давхардуулан оруулж ирж, хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг нь хумихад хүргэсэнд иргэний нийгмийн байгууллагууд харамсаж байгаа. Тухайлбал 7.2, 8.1.3 заалт нь төрийн байгууллага, албан тушаалтны хүний эрхийн зөрчил, авлигын хэргийг илчилсэн идэвхтэн тэмцэгчдийн дуу хоолойг хорих, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын хүний эрхийн төлөөх идэвхтэй үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоох зэргээр буруугаар ашиглагдах эрсдэлтэй байгаа тул бид санаа зовниж байна. 

Хүний эрхийн хамгаалагчийн хороог Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд байгуулахаар хуульчилсан. Энэ хэр оновчтой вэ? 

Бидний хийсэн судалгаагаар ХЭҮК нь хүний эрх хамгаалагчдыг хамгаалахад голлох үүрэгтэй оролцох шаардлагатай байгаа нь харагдсан. Гэхдээ энэ ажил бол дан ганцаар ХЭҮК хийх ажил биш юм. Тиймээс хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг ХЭҮК-д нэмэлт хөшүүрэг  болох байдлаар  ажиллахаар байгуулах нь зөв гэдэг дээр хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Тиймээс  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулах, нэмэлт хөшүүргийн зарчмаар ажиллуулах үүднээс Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан. Мөн уг хороонд  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд нилээд өндөр босго бүхий шалгуур тавьсан.  

Хууль хүний эрхийг ханган, хамгаалах чиглэлд ажиллаж байгаа хувь хүн, байгууллагад хуулийн хүрээнд ямар боломжуудыг бий болгож байгаа вэ?

Хуулиар “хүний эрх хамгаалагч” гэж хэнийг хэлэхийг маш нарийн тодорхойлж өгсөн нь Монгол улсад хүний эрх хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, тэдний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах маг том соёлыг бий болгох суурийг тавьж буй юм.  Мөн “хүний эрх хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласнаар цахим болон цахим бус аль ч орчинд хүний эрх хамгаалагч халдлагаас хамгаалагдах боломжийг бүрдүүлж өгсөн.  Олон улсын хэм хэмжээнд заасан хүний эрхийн хамгаалагчдад нийтлэг тавигддаг шалгууруудыг тус хуулийн үндсэн зарчим болгосон нь хүний эрхэм чанарыг хүндэтгэсэн, ёс зүйтэйгээр  хүний эрх хамгаалах зөв соёлыг бүрдүүлэх боломжтой болгосон. Хуулиар төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээхээр хуульчилсан. 

Хуулийг дагалдан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бусад хуулиудад өөрчлөлт орох уу? Тухайлбал…

Энэ хуулийг дагалдан Зөрчлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. 

УИХ-ын хаврын чуулганаар анх удаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал уг тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталсан. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолд коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. 

Монгол хүний эрхийг хуульчлан хамгаалах, хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон тусгах, хүний эрхийн мэдрэмжтэй парламент байх талаар хаврын чуулган анхаарч ажилласан бол намрын ээлжит чуулганаар ч дэвшүүлсэн зорилтоо бодит алхмуудаар баталгаажуулахаар ажиллаж байна.