Г.Сүхбат: Иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй ажиллах эрх зүйн орчин бүрдээгүй
Хүний эрхийн 50 гаруй төрийн бус байгууллагын удирдлага Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан "Иргэний нийгмийн орон зайд тулгамдаж буй асуудал" сэдвээр мэдээлэл хийлээ.
УИХ-д Холбоо, сангийн эрх зүйн тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард өргөн барьсан. Энэ хуулийн заалтууд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж, ТББ-уудын хараат бус ажиллах нөхцөлийг боомилох нөхцөл үүсгэх боломжтойг тэд хэллээ. Тиймээс тус хоёр хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж байгаа юм.
Эмнести Интернэшнл байгууллагыг төлөөлж Хүний эрхийн идэвхтэн Г.Сүхбат:
"Хүний эрхийн форум нь /ХЭФ/ 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх үнэт зүйл дээр нэгдсэн 57 төрийн бус байгууллага хамтран ажилладаг Иргэний нийгмийн бүлэг юм.
Манай улс Иргэний нийгмийн өдрийг албан ёсоор тэмдэглэдэг болсноос хойш 15 жил өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүй, санхүүжилт, нийгмийн дэмжлэгийг бий болгох таатай орчин бүрдүүлэхэд ахиц дэвшил гарсангүй.
Иймд ХЭФ-ын гишүүн байгуулагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт Иргэний нийгмийн орон зайд тулгамдаж буй найман чухал асуудлыг онцлон, хуулийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж албан бичиг хүргүүлж байна. Уг бичгийг 2022 оны нэгдүгээр сарын 31-нд илгээх бөгөөд шаардлагын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хариуг албан бичгээр хуулийн хугацаанд ирүүлэхийг хүсэж байгаа юм.
Уг шаардлагын бичигт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхээр зорьж буй Монгол Улсын төрийн албан хаагчдын иргэний нийгэм, хүний эрхийн талаар мэдлэг ойлголт сул байгааг онцлон иргэдийн сайн дураар нэгдэж, нийтийн тусын тулд ажилладаг иргэний нийгэм, бүлгүүд, хөдөлгөөн нь төр, хувийн хэвшлийн нэгэн адил хөгжлийн эрх тэгш түншлэгч болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй, ТББ-уудыг хянах, хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлахыг санаархаж буйд харамсаж байгааг онцлох нийт найман асуудалд хариу арга хэмжээ авахыг шаардаж байна" гэв.
Шаардлагад:
1. Засгийн газраас 2012 онд УИХ-д өргөн барьсан Төрөөс иргэний нийгмийн талаарх баримтлах үзэл баримтлалыг сайжруулан, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын засаглалын дэд хөтөлбөрийг тусгаж батлах
2. УИХ-д өргөн барьсан "Холбооны эрх зүйн тухай", "Сангийн эрх зүйн байдлын тухай" хуулийн төслүүдийг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь шууд хөндөгдөж буй ТББ-уудтай хангалттай хэлэлцээгүй боловсруулсан тул энэ тухай хуулийг эргүүлэн татах
3. Иргэний нийгмийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшил дэмжих нөхцөл бололцоог өнөөг хүртэл бүрдүүлсэнгүй. Шинээр хэлэлцэн батлах ТББ-уудын хуульд ч энэ талаарх бодлого зохицуулалтыг оруулаагүй учраас энэ талаарх бодлого зохицуулалтыг тусгах шаардлагатай байна
4. Орон нутагт иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-уудын төлөөллүүд иргэдийн бүлэг хөгжих огт боломжгүй байна. Аль нэг намыг дөвийлгөсөн, эсвэл дарангуйлж намчирхсан уур амьсгал, ялгаварлан гадуурхалт, санхүүжилтгүй байдал гэх зэргээс ТББ-ууд бие даасан үйл ажиллагаа явуулах, иргэдийн бүлгүүд хөгжиж бэхжих боломж нь хомс байна. Иймд орон нутгийн ТББ-ууд иргэдийн бүлэг зэргийг тусгайлан дэмжих төрийн бодлого үйл ажиллагааг хуульд тусгах шаардлагатай байна.
5. Иргэний нийгмийн байгууллагын төрөл, хэлбэр, нийгэмд үзүүлж буй үр нөлөөг өргөн хүрээнд авч үзэх, олон улсын түвшинд хүлээн авсан иргэний нийгэм, ТББ-ын үйл ажиллагааг үр дүнтэй болгох тухай зөвлөмж, нээлттэй засаглалын түншлэлийн 4-р үүрэг амлалт, ФАТФ-ын наймдугаар зөвлөмжийг хэрэгжүүлэн ТББ-ын хуулийг талуудын бүрэн эрх тэгш оролцоог түшиглэн боловсруулж батлах
6. Төрийн байгууллагууд иргэдэд, иргэний нийгмийн байгууллагуудад хуулийн хугацаанд хариу өгдөггүй, тавьсан асуудалд хамааралгүй, оновчгүй хариу ирүүлэхийн зэрэгцээ иргэдийн бодит оролцоог хязгаарлаж, үл тоомсорлож байна. Тиймээс төрийн албан хаагчдын иргэний нийгмийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, иргэний нийгмийн хөгжлийг эрх тэгш оролцогч болохыг хүлээн зөвшөөрч, үр дүнтэй хамтран ажиллахыг үүрэг болгох, төрийн байгууллагыг иргэний нийгэмтэй хамтран ажиллах тухай журамтай болгож, хэрэгжилтийг үнэлэх, гүйцэтгэлийн шалгуурыг нэвтрүүлэх зэрэг
7.Төрийн албан хаагчдад хариуцлага тооцож чадахгүй байна. Иргэд, ААН-ийн мэдэх, оролцох, улмаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрх удаа дараа зөрчигдөж хохирсоор байна. Иргэн ААН, ТББ-ын хариуцлага тооцуулах, өргөдөл гомдол, нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шийдвэрлэх, учирсан хохирлыг арилгах, хүний эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох, гомдол барагдуулах зэрэг механизмыг үр дүнтэй ажиллуулж, хэрэгжилтэд хяналт үнэлгээг тогтмол хийж, хариуцлага тооцох шаардлагатай байна.
8. Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, нийтийн сонсголын тухай хууль, зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэрэг иргэдийн шууд оролцоог хангах хуулиуд хэрэгжихгүй байна. Эдгээр хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, хариу арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна" гэдгийг онцолжээ.