Б.Ууганбаяр:

Хөгжлийн бодлого ба дижитал шилжилт


9 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.Ууганбаяр: Хөгжлийн бодлого ба дижитал шилжилт

Монгол улс цахим шилжилт хийж эхэлснээс хойш 17 жилийн дараа  цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчноо бүрдүүллээ. Өнгөрсөн хугацаанд төрийн болон бизнесийн салбарт цахимжуулах үйл явц эрчимтэй өрнөж, сүүлийн 2 жилд Төрийн үйлчилгээнүүд хурдацтай цахимжиж байна.

Иймээс энэхүү хөгжилд гар бие оролцон ажиллаж буй мэдээлэл технологийн салбарын тэргүүлэх, ууган байгууллагын төлөөлөл Интерактив компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Ууганбаяртай цахим шилжилтийн өнөөгийн байдал, хөгжлийн шийдлийн талаар ярилцлаа.

Сайн байна уу, цахим шилжилтийн үйл явц маш эрчимтэй яригдаж байгаа энэ цаг үед тантай энэ талаар уулзаж, ярилцах нь сонирхолтой байна. Цахим шилжилт гэж юу болох талаар манай уншигчдад өөрийн бодлоо хуваалцахаас яриагаа эхлэх үү?

Сайн байна уу, юуны өмнө ярилцлагадаа урьж оролцуулж байгаад талархал илэрхийлье. Сүүлийн 25 жил програм хангамж боловсруулах чиглэлээр ажиллаж байгаагийн хувьд өөрийн санал бодлоо хуваалцахдаа таатай байна.

Үнэхээр цахимжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон салбарт маш их ажлууд хийгдэж байна. Өнөөдөр банк санхүү, үүрэн холбоо болон бусад олон үйлчилгээг авахын тулд биеэр очих шаардлагагүй болсон. Төрийн үйлчилгээ ч мөн адил И-Монгол аппликешн ашиглан төрийн байгууллага руу очихгүйгээр үйлчилгээ авч болдог болсон. Одоо харин бид цахим шилжилтийн талаарх ойлголтоо нэгтгэж, цаашдын хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаандаа цахим шилжилт хийх бодлого, зорилтоо тодорхойлох нь чухал гэж бодож байна.

Цахим шилжилт гэдэг нь уламжлалт байдлаар хийж байгаа стратегийн түвшнээс үйл ажиллагаа хүртэлх бүхий л үйл явцаа дижитал технологийн давуу талуудыг  шингээн дахин тодорхойлох, загварчлах, түүнийгээ хэрэгжүүлэх асуудал юм. Ингэснээр тухайн бизнес загвар “төрмөл” дижитал суурьтай болж, илүү уян хатан, зах зээлийн өөрчлөлтөд хурдтай дасан зохицож чаддаг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж тогтолцоо руу шилжих боломж бүрдэнэ. 

Тэгэхээр цахимжуулах болон цахим шилжилт гэдэг нь арай өөр ойлголт юм байна гэж таны ярианаас ойлголоо. Цахим шилжилт манай улсад  хэрхэн хийгдэж байна, мөн ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэж та бодож байна вэ?

Тэхээр өмнө хэлсэнчлэн, цахим шилжилт хийнэ гэдэг нь бизнес загварын шилжилт, ажил явуулдаг уламжлалт арга барил, бүтэц зохион байгуулалт, дүрэм журам г.м уламжлалт тогтолцоонд шилжилт хийх тухай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс байгууллагын дээд удирдлага, менежментийн багийн түвшинд нэгдсэн ойлголттой байх, энэ шилжилтийг манлайлж удирдах байдлаар оролцох нь чухал.

Интерактив компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Ууганбаяр

Өнөөдрийн байдлаар, байгууллагууд дээр цахим шилжилт бол технологийн албаны эсвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хийх ажил гэдэг ойлголт асуудал хариуцсан салбарын мэргэжилтнүүд, удирдах түвшний менежерүүдэд хэвээрээ байгаа нь томоохон хүндрэлүүдийн жишээ юм. Манай улс одоохондоо цахимжуулах ажлыг эрчимтэй хийж, олон төрлийн програм хангамжуудыг салбар бүрт боловсруулж нэвтрүүлж байгаа.

Гол хүндрэл нь уялдаа холбоо тааруу, нэг салбарт шийдэгдсэн асуудлыг нөгөө салбар нь өөрөөр шийдэх гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь нийтлэг. Стандартын удирдлагын тогтолцоо хөгжөөгүйгээс бүх салбарт доголдол, давхардал үүсэж байгаа бөгөөд мэдээллийн систем хөгжүүлэхэд ч энэ байдал давтагддаг. Сүүлдээ зөвхөн 1 системийг бүх байгууллагууд ашиглах ёстой гэж үздэг болж байгаа нь алсдаа олон эрсдлийг дагуулна. 

Уг нь бодлого, дүрэм журам, бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, дэд бүтэц, нөөцүүд г.м стратегийн бүхий л ойлголтуудын өгөгдлийн стандартыг тодорхойлж, бүх салбарын хэмжээнд, ямар ч төрлийн мэдээллийн систем тэрхүү стандартыг хангадаг байхаар зохицуулахад л маш олон асуудал арилах жишээтэй.

Тэгвэл цахим шилжилтийг амжилттай хийхийн тулд байгууллагууд юуг анхаарах, хаанаас эхлэх нь зөв гэж бодож байна вэ? 

Стратегийн болон тактикийн ажлуудаа зэрэгцүүлээд явах нь зөв. Стратегийн түвшинд гэвэл юун түрүүнд төлөвлөлт хамгийн чухал гэж хэлмээр байна. Цахим шилжилт хийснээр ямар асуудлуудыг шийдэх гэж байгаагаа болон бий болох үнэ цэнүүдээ тодорхойлж, тэдгээрийгээ зорилт байдлаар дунд, урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгах нь чухал.

Хэдийгээр зорилго зорилтуудаа тодорхойлсон ч тэдгээрийг хэрэгжүүлэх бүтэц, нөөц, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, төсөв санхүү, үйл ажиллагаа болон үйл ажиллагааг дэмжих мэдээллийн систем, платформ, үйл ажиллагаанаас бий болох өгөгдөл мэдээлэл, боловсруулах дэд бүтэц, аюулгүй байдал, тавигдах шаардлагууд гэх мэт маш их уялдаа холбоог тооцох шаардлагатай болдог. Мөн хүний нөөцийн чадвахийг сайжруулах, чиг үүргийн хуваарилалт, дүрэм журмаа боловсруулах хэрэгтэй болно.

Тэхээр Цахим шилжилт хийнэ гэдэг нь тухайн байгууллагын/салбарын хөгжлийн бодлого төлөвлөлт хийхтэй салшгүй уялдаатай асуудал гэдэг нь харагдаж байна. Тактикийн хувьд бол үйлчилгээнүүдээ цахимжуулах, төлөвлөлтөд шаардлагатай мэдээллүүдээ бүртгэлжүүлэх, баримтжуулах ажлуудаа хийж байх нь чухал. Томоохон хөрөнгө оруулалт хийж, ямар нэгэн систем хийхээсээ өмнө төлөвлөлтдөө анхаарах нь илүү үр дүнтэй. Цаашдаа ийм төлөвлөлтийн нэгжийг байгууллагууд дээр, Засгийн газрын хувьд бол яамдууд дээр байгуулах нь цахим шилжилтийг амжилттай хийхэд чухал ач холбогдолтой.  

Интерактив компани  мэдээлэл, харилцаа холбооны салбарын ууган компаниудын нэг, 20 гаруй жил энэ салбарт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Өнгөрсөн хугацаанд цахимжуулах чиглэлээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хийж ирсэн, тэр дундаа Засгийн газраас хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн гар бие оролцсон бэ? Төслүүдийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

Манай компани 1996 оноос Нягтлан бодох бүртгэлийн систем боловсруулж эхэлсэн бөгөөд 2006 онд Монголын анхны ERP системийг боловсруулж, зах зээлд танилцуулж байсан. ERP систем гэдэг нь байгууллагын бүхий л хэлтэс нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж,  нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх зорилготой Enterprise ангиллын шийдэл байдаг. Өнөөдрийн байдлаар манай тэргүүлэх банкууд, үүрэн холбооны операторууд, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон групп компаниуд манай Veritech ERP хэмээх шийдлийг стратегийн болон үйл ажиллагааны түвшинд ашиглаж байна.

2009 оноосэхлэн цахим засгийн төслүүдэд оролцож эхэлсэн. Тухайн үед цахимжилтай холбоотой томоохон төслүүдийг гадны компаниуд ихэвчлэн хэрэгжүүлдэг байлаа. Бидний хувьд 2012он хүртэл гадны компаниудын туслан гүйцэтгэгч байдлаар ажиллаж, төсөл хэрэгжүүлдэг арга зүй, технологийн болон менежментийн туршлагаас суралцаж, бие даан төсөл хэрэгжүүлэхчадвартай болж байлаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Сонгуулийн автоматжуулалт, Иргэний бүртгэл, Худалдан авах ажиллагааны систем, Иргэний шүүхийн систем, Цахим нотариат, Нийгмийн халамжийн систем, Тоон гарын үсэг, Төрийн энтерпрайс архитектур  гээд олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Түүнчлэн 2020 онд Ковид-19 цар тахал эхэлж байх үед ковидын нөхцөл байдлын шуурхай мэдээ цуглуулж, шийдвэр гаргах боломжийг  Veritech ERP систем дээрээ суурилан, Эрүүл мэндийн яаманд үнэ төлбөргүй боловсруулж өгсөн. Энэхүү системийг ашиглан 18 аймаг, 330 сум, нийслэлийн бүх дүүргийн 700 гаруй эмнэлгийн байгууллагаас өдөр тутмын өвчлөлийн талаарх дата мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Real-time горимд боловсруулж эхэлснээр өмнө нь гар ажиллагаагаар урт хугацаа зарцуулан хийдэг байсан нэгтгэлийн төвөгтэй байдал арилж, тоон өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргах боломж бүрдсэн юм.

Өнгөрсөн хугацаанд бидний хийж хэрэгжүүлсэн шийдлүүд нь урт хугацаанд тогтвортой ажиллаж, үйл ажиллагаанд дасан зохицож, үр өгөөжөө өгч байгаа талаар захиалагч байгууллагууд маань үнэлдэгт манай компаний 150 гаруй залуучууд маань урамшдаг юм.

ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙХЭД ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ТӨСВӨӨ БАТЛУУЛСАН ГЭДЭГ НЬ ХАНГАЛТГҮЙ

Туршлагаас харж байхад, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа шийдэх үүднээс тухайн үеийн хэрэгцээ шаардлагадаа тулгуурлаад мэдээллийн систем хийлгэх захиалга өгөх нь маш нийтлэг. Технологийн компаниуд ч захиалагчийн шаардлагыг биелүүлэхээр ажилладаг.

Гэтэл өнөөдөр дижитал шилжилт хийх зорилт талаас нь харвал бид зөвхөн захиалагчийн өгсөн даалгаврыг биелүүлэхдээ бус тухайн төслийн үр дүнд тухайн салбарын тулгамдаж байгаа асуудал сууриараа шийдэгдэх үү, энэ асуудал бусад салбарт адилхан тулгамдаж байна уу, үүнийг шийдсэн бусад орны шилдэг туршлага бий юу, энэ төсөл цаашдаа тогтвортой үргэлжлэхэд архитектурын ямар шийдэл санал болгох вэ, урт хугацаанд зардлыг хэрхэн бууруулах вэ, өөрчлөлт сайжруулалтыг хэрхэн хялбар, оновчтой болгох вэ г.м олон асуудлыг цогцоор нь тооцож төлөвлөдөг байх нь чухал болсоор байна. Үүний тулд Энтерпрайс архитектур төлөвлөлтийн арга зүйг зайлшгүй хэрэгжүүлэх. шаардлагатай юм. 

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН АМИН СҮНС НЬ ЭНТЕРПРАЙС АРХИТЕКТУР ЮМ

Манай улс сүүлийн 30 жилийн турш салбар бүрт олон тооны тунхгийн шинжтэй хөгжлийн бодлого, зорилтууд баталсан ч хөрсөн дээр буусан, үр дүнтэй хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Учир нь, тэдгээр зорилго зорилтыг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө, нөөц, удирдлага зохион байгуулалт, дэд бүтэц, оролцогч талууд, үүрэг хариуцлага, үр дүн, иргэдийн оролцоо г.м олон зүйлс уялдаа холбоотой төлөвлөгдөөгүйгээс хэрэгжилт хангалтгүй байдаг. Харин 2020 онд батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлснээр дээрх асуудлууд цэгцэрнэ гэж харж байгаа. Хуулийн хэрэгжилтийг сайн байлгахын тулд Энтерпрайс архитектур төлөвлөлтийн арга зүйг нутагшуулан ашиглах нь чухал ач холбогдолтой байгаа.

Таны хувьд төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нарийн төлөвлөлттэй, архитектур хэрэгтэй гэж байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ? 

Энэхүү Энтерпрайс архитектур төлөвлөлтийн арга зүй нь аливаа байгууллагыг /Засгийн газрыг ч мөн адил/ нэг систем гэж үзэж, тухайн системийн мета загварыг гаргаж, өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, анализ хийх, системийн өмнө тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийн суурь шалтгаанууд болон тэдгээр шалтгаануудыг арилгах арга замуудыг тодорхойлж, боловсруулах, тэдгээрээс хөгжлийн төлөвлөгөөний альтернатив хувилбаруудыг гаргах, үнэлэх замаар хамгийн сайн хувилбарыг тооцоолон гаргаж, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй юм.

Нөгөө талаар энэхүү архитектур төлөвлөлт нь дижитал шилжилтийг хэрэгжүүлэх өгөгдөл, мэдээллийн систем, дэд бүтэц, аюулгүй байдал гэх мэт технологийн дэд бүтцүүдийг бодлого стратегитай уялдуулан төлөвлөх хэрэгсэл болдог тул бид энэ чадвахийг дотооддоо зайлшгүй бий болгох шаардлагатай. Хөгжингүй улс орны засгийн газар, компаниуд бүгд энэ загвараар хөгжиж байна.

 Интерактив компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Ууганбаяр

УИХ-ын намрын чуулганаар цахим хөгжлийн суурь 5 хууль батлагдаж, Монгол Улс цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчноо бүрдүүллээ. Энэ нь мэдээлэл, технологийн компани хөгжилд яаж нөлөөлөх вэ?

Хууль батлагдсанаар холбогдох чиглэлүүдээр үйл ажиллагааны дүрэм журам, зохицуулалт, эрх үүрэг хариуцлага илүү тодорхой болж, эрх зүйн орчин сайжрах байх гэж бодож байна. Технологийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хуульд нийцүүлэх шаардлагатай болж байна. Жишээ нь, байгууллагын цаг бүртгэлд биометрик мэдээлэл ашиглаж болохгүй учраас бусад арга замуудаар цаг бүртгэлийг шийдэх . Бүх иргэдэд тоон гарын үсэг үнэгүй олгоно гэж ойлгосон, мэдээж үүнийг дагаад цахим үйлчилгээний хэрэглээ өснө гэж харж байна. Одоохондоо иймэрхүү л ойлголттой байна.

Өнөөдөр мэдээлэл технологийн хөгжил бусад салбарын хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Энэ хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

Дижитал шилжилт, аж үйлдвэрийн IV хувьсгалын технологийн давуу тал, боломжууд уламжлалт салбаруудад нэвтрэхийн хэрээр бүтээмж дээшилж, зардал буурах, хүний оролцоо багасаж байна. Энэ нь бусад салбарын хөгжлийг хурдасгаж байгаа  нь ойлгомжтой.

Гол нь салбар салбарын удирдлагууд, шийдвэр гаргагчид, экспертүүд дижитал технологи, дижитал шилжилт хийх хандлага, тэмүүлэл болон мэдээллийн технологийн тухай ойлголтуудтай болох нь чухал. Энэ чиглэлээр мэргэжлийн бус хүмүүст зориулсан хялбаршуулсан танилцуулга, богино сургалт, заавар зөвлөмжүүдийг технологийн салбарынхан бас хийх хэрэгтэй байгаа.

ЭНЭ САЛБАР ЯАМТАЙ БОЛСНООР ТУХАЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ УРАГШЛАХ ЁСТОЙ

Техник,технологийн салбарт гарч буй алдаа оноо, ололт амжилтыг энэ салбарын гал тогоонд ажиллаж байгаа хүмүүс илүү их мэднэ. Шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа. Энэ яам салбарын хөгжилд яаж нөлөөлөх бол?

Яамтай болсноор мэдээллийн технологийн салбарын хөгжил урагшлах ёстой гэж харж байгаа. Шинэ яам хэд хэдэн үүргийг гүйцэтгэж ажиллах байх гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээрт, Засгийн газрын цахим шилжилт хийх ажлыг манлайлж, бодлого, арга зүйг сайн гаргаж нэгтгэж ажиллах болов уу. Мөн цахим хөгжлийн суурь хуулиудын хэрэгжилтэд анхаарч ажиллах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр ажиллана гэж ойлгож байгаа. Технологийн компаниуд, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд борлуулах бүтээгдэхүүнтэй болгох чиглэлд бодлого гаргаж ажиллаасай гэж бодож байнаСалбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогоо бизнесийн салбарынханд тодорхой болгож зарлах хэрэгтэй байгаа.

Сүүлийн үед яамдууд доороо төрийн өмчит технологийн компани байгуулж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, хүний нөөцийг нь булаацалдаж байгаа явдлыг нэг тийш нь шийдээсэй гэж хүсмээр байгаа.

Түүнчлэн салбарын хүний нөөцийн бодлогод анхаарч, инженерүүдийн тоог нэмэгдүүлэх, арван жилийн сурагчдыг технологийн салбарт дуртай болгох ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран эхлүүлмээр санагддаг. 

Монгол улсын цахим хөгжлийн ирээдүйн үр дүнг та хэрхэн харж, төсөөлж байна вэ?

Аливаа улс орны цахим хөгжил нь урт хугацааны бодлого зорилт, тухайн улсын төрийн болон хувийн хэвшлийн лидерүүд нь цахим шилжилтийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэхээр тэмүүлж байгаа түвшин, технологийн салбарын хүчин чадал, бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүй, ард иргэдийн цахим боловсрол,  дэд бүтцийн бэлэн байдал г.м олон зүйлээс хамаарна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн олон мянган байгууллагуудтай хамтарч ажиллахад ажиглагдсан нэг зүйл бол тухайн байгууллагын удирдлагууд дижитал шилжилтийн утга учрыг ойлгож, дэмжиж, төлөвлөж, бизнесийн суурь загвараа дижитал болгохын төлөө байвал өртөг зардал багасаж, борлуулалт, ашиг орлого нь нэмэгдэх, өрсөлдөх чадвар нь дээшилж урт хугацаанд үр өгөөж нэмэгдэж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Харин ихэнх байгууллагын хувьд тодорхой чиглэлээр програм хангамж нэвтрүүлж, бүртгэлээ сайжруулах зорилготой байдгаас цахим шилжилт төдийлөн сайн явдаггүй.

Тиймээс салбар салбарын удирдлагууд цахим шилжилтийг бизнес загварын шилжилт, байгууллагыг/салбарыг дараагийн шинэ түвшинд аваачих стратегийн шилжилт гэдгийг ойлгож, төр, хувийн хэвшил хамтдаа хичээж ажилласан тохиолдолд ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа.

Цаг гаргаж, дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.