Төрийн өмчит компанийн хууль гарснаар шалгуурыг өндөрсгөж, өмчлөлийг өөрчилнө
2022.04.06

Төрийн өмчит компанийн хууль гарснаар шалгуурыг өндөрсгөж, өмчлөлийг өөрчилнө

Америкийн Худалдааны танхим "АмЧам Монгол"-аас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалтыг Монголын бизнесийн төлөөллийг оролцуулан “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийн өөрчлөлтийн талаар хөндөн хэлэлцсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Доржханд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг, эдийн засагч Д.Жаргалсайхан (Jargal DeFacto), санхүүгийн “Мандал групп”-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг нар илтгэгчээр оролцлоо.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл, төрийн өмчийн компаниудын өнөөгийн байдлын талаар танилцуулахдаа, төр, засаг, төрийн байгууллага, агентлагууд эхлээд баахан компани байгуулдаг. Дараа нь ашиггүй ажиллаж татан буулгадаг. Энэ нь төрийн өмчит компаниудын нэр хүндийг нийгэмд унагадаг хэмээн шүүмжилж байв. Тэрээр, “Энэ чиглэлээр бидэнд засаж залруулах зүйл их байна. Одоо Төрийн болон төрийн өмчит компанийн тухай хуулийг шинээр гаргах гэж байна. Уг хуульд компани байгуулах үйл явцыг өндөр шалгууртай болгож, төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааны чиглэл, улс орон, нийгэмд дэх хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харж судалгаанд үндэслэн төлөвлөлтийн хүрээнд тодорхой шаардлагыг харгалзан байгуулдаг болно. Ер нь төрийн өмчийн хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгох шаардлага бий” гэж тодотгож байв. Энд:

Татаас авдаг нийтийн үйлчилгээний төрийн ААН-үүдийг зөв зохион байгуулалтад оруулна,
Төрийн зохицуулалт шаардлагагүй, төрийн өмчит хуулийн этгээдийг өмчийн хэлбэрийг өөрчлөх замаар төрөөс хувийн хэвшилд үе шаттай шилжүүлнэ гэв.


Тухайлбал, “Эрдэнэс Монгол” гэхэд доороо 13 компанитай, ихэнх нь алдагдалтай ажиллаж буйг өөрчилж корпорац болон холдингийн хэлбэрээр ажиллуулах хувилбар бүхий бүтэц рүү шилжүүлэх. Ер нь төрийн компаниудыг задалж, хөрөнгийн зах зээлд гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох цаг болсон. Үүнийг төр, засаг дэмжиж байгаа” гэдгийг онцолж байв. Тэрээр мөн компаниудыг нээлттэй болгох үйл ажиллагаа явуулдаг Монголын Хөрөнгийн биржийг өөрийг нь хувьчлах хэрэгтэй байгаа. Энд тодорхой шаардлага тавигддаг тул тэдгээрийг биелүүлэхээр ажиллаж буйг мэдэгдлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Т.Доржханд, төрийн өмчит компаниудаас нийгэмд үүсгэж буй сул тал нь авлига нүүрлэж, буруу тогтолцоогоор яваад байна гээд, төрийн өмчит компаниудыг задлах үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компаниас эхлэх учиртай гэж байв. “Өнөөдөр бидэнд төрийн үйлчилгээг төрийн компаниудаар дамжуулж авах уу, эсвэл авлигаа бууруулах уу гэсэн асуулт гарч байна. Сонголт нь авлигаа бууруулбал төрийн бүтээмж өсөж, үйлчилгээ сайжирч илүү хурдан хөгждөг" гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасныг тодотгож байв.

Тэрээр, сүүлийн 30 жилээр аваад үзэхэд Монгол Улсын эдийн засаг 15 дахин өсөж ирсэн. Гэтэл улсын төсөв 55 дахин өсөж, төрийн өмчит компаниудын орлого 9.8-10 их наяд төгрөгөөр буюу 22 хувиар нэмэгдсэн. Монголын төрийн эдийн засаг дахь оролцоо 60 хувь байна. Хувийн хэвшил ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг гэдэг боловч бодит байдал өөр, төр данхайж томорсон хэвээр байна.

Төр өөрөө өөртөө бизнес хийгээд, хамгийн их татвар төлөгч гээд өөрсдийгөө шалгаруулаад, бизнес эрхлэгчид, олон нийтээсээ тасраад яваад байдаг. Эцэст нь эндээс нийгэмд хөдөлмөр бус, хөдөлмөрийн бүтээмж байхгүй, халамж л үлддэг буруу замаар яваад байна хэмээн шүүмжилж, яг ийм байдлаар явж ирсэн Казахстаны хямралын жишээг дурдаж байлаа. Тиймээс олон улсын сайн загвараар төрийн өмчт компаниудыг нээлттэй болгож, мөн гадна, дотны хөрөнгө оруулалтаа нээх хэрэгтэй байна гэв. Тэрээр энэ чиглэлээр төрийн өмчит компаниудыг задлах, өөрчлөх ТӨБЗГ-ын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байв.

“Мандал санхүүгийн групп”-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг, хэлэхдээ, “Төр манай эдийн засагт хувийн хэвшлийн хамгийн том худалдан авагч. Тэгсэн хэр нь төр, засагтай гэрээ хийгээд тендерт оролцон ажил-үйлчилгээгээ гүйцэтгэсэн компаниудын мөнгийг өгдөггүй. Үүнийг нэг мөр шийдэхгүй бол хувийн хэвшил нь зээлдээ баригдаад сууж байна. “Би “Голомт” банкны захирал байхдаа тендерийн хороог татан буулгаж байсан. Бид ЖДҮ-ийг дэмжиж хөгжүүлье гэж байгаа бол тендер зарлахаа болих хэрэгтэй. Гэрээ хийгээд түүнийг нь 3-5 жилээр тогтвортой ажиллуулъя” гэсэн санал тавьж байв. Ингэж байж мөнгөн урсгал тогтвортой, ойлгомжтой болно. Тиймээс мөнгөний урсгалыг тооцоотой нь, нээлттэй болгох санал тавьж байв.


Тэрээр, Монголд 1200 гаруй эдийн засагч байдаг гэлээ. Ерөнхий юм ярих биш одоо хэдүүлээ асуудлынхаа гүнд орж ярьдаг болъё хэмээн эдийн засагч нарыг уриалж байна. Инфляц, ДНБ гэж ерөнхий сэдвээсээ гарцгааж боловсролын шинэчлэл хийе. Төрийн өмчийн менежмент, засаглалын шинэчлэлийг ярьдаг байя. Тухайн сэдвээ нарийн судалж, хэлбэр биш агуулга, мөн чанар, суурь учир шалтгаан дээрээ ажиллах хэрэгтэй байна гэв.