Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна
2009.10.10

Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна

Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Германы Ханнс-Зайделийн сангаас техникийн туслалцаа авахаар төлөвсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг шүүх, прокурор, мэргэжлийн хяналт, цагдаа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн холбогдох мэргэжилтний төлөөлөлтэй байгуулан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд энэ сарын 9-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Холбооны бүгд найрамдах Герман улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишер, Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд Азийн хэлтэсийн дарга Вилли Ланге, тус сангийн тэргүүн Ц.Сарантуяа нарыг хүлээн авч уулзлаа.

ХЗДХ-ийн яамтай тус сан 2010-2012 оны хооронд Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулахад зөвөлгөө өгөх, Захиргааны салбарын хууль, тогтоомжуудад эрх зүйн цэвэрлэгээ хийх, Хууль зүйн дээд боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, багшлах боловсон хүчнийг чадвахжуулах, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд судлагаа хийх, Шүүгч багш бэлтгэх, хорих ангид ял эдэлж байгаа насанд хүрээгүйчүүдийг эргэн нийгэмшихэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна.

Түүнчлэн цаашид Ханнс-Зайделийн сан болон Монгол дахь төлөөлөгчийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүх, цагдаа, нотариат, өмгөөллийн зэрэг байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг олон нийтэд тогтмол хүргэх зорилготой богино долгионы радиог байгуулах санал тавьсан юм.

Үүний хариуд хууль зүй, дотоод хэргийн сайд элчин сайд болон сангийн удирдлагуудад талархалтай байгаагаа онцлоод та бүхний ажил Монгол улсын үндсэн хуулийн хүрээнд байж, Монголын нөхцөл байдлыг сайн судалсны үндсэн дээр хийгдэж байвал дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.