Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2009.10.14

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төрийн албаны тухай хуульд 2008 оны тавдугаар сард орсон нэмэлт, өөрчлөлтөөр ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байхаар хуульчилсан.

Гэвч Засгийн газар төсвийн эдгээр байгууллагын дарга, эрхлэгч, захирал нарын албан тушаалын ангиллыг солих зайлшгүй шаардлага, үндэслэл, санхүүгийн болон үйл ажиллагааны хэтийн төлөв, тооцоо судалгаа тодорхой бус, хэрэгжилтийг зохион байгуулах механизм бүрдээгүй, дагалдаж өөрчлөгдөх хуулиудыг бүрэн өөрчлөөгүй зэргээс үүдэж хуулийг хэрэгжүүлэх нийгмийн орчин нөхцөл бүрдээгүй байна гэж үзээд эдгээр албан тушаалтнуудыг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хэвээр үлдээх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан юм.

Хуульд өөрчлөлт оруулах үндэслэлийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр танилцуулахдаа, сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллагын захирал, эрхлэгчид нь төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг үндсэн үүрэг хүлээдэг. Одоогоор үндсэн ажлаа хийж буй эдгээр ажилтнуудын дийлэнх нь зохих шатны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүс байгаа учраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зохицуулалт бүрдээгүй, тодорхой бус байхад ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа олон хүнийг ангилал, зэрэглэлийг нь өөрчлөх нэрээр үргүй зардал, цаг гаргаж бужигнуулах нь зохисгүй юм гэсэн гомдол, санал ч их ирж байгаа. Түүнчлэн тэднийг төрийн захиргааны ангилалд хамруулж, мэргэшлийн шалгалтыг нээлттэй зарлаж, тэнцсэн иргэнийг тухайн төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгчээр томилох тохиолдолд боловсрол, соёл, урлагийн байгууллагыг удирдах ажилтны мэргэжлийн онцлог алдагдах төдийгүй мэргэжлийн бус хүмүүс олноор томилогдож болзошгүй юм. Мөн төсөвт хүндрэл учрах тал ч байгаа байгаа гэдгийг онцлов. Хэрэв хуулийн дагуу эдгээр албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдвөл улсын төсвөөс санхүүждэг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн 679 эрхлэгч, ЕБС-ийн 613, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд, их сургуулийн 150 захирал, соёлын төв, музей, номын сан, театр, чуулгын 434, эрдэм шинжилгээний 48 байгууллагын дарга төрийн үйлчилгээнээс төрийн захиргааны албан тушаалд шилжихэд хүрэх юм байна.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулгадаа, сумын эмнэлгийн 288, сум дундын эмнэлгийн 35, орон нутгийн нэгдсэнг эмнэлгийн 5 эрхлэгч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн 22 дарга, бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн 3 захирал, улсын клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн 15 дарга, захирлын ангилал, зэрэглэл энэ хуулийн дагуу өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй болж хүлээгдэж байгаагаас одоо хүртэл тэдэнтэй гэрээ байгуулж чадахгүй байгааг дурьдаад хуулийн төслийг яаралтай шийдэж өгөхийг хүслээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Ж.Сүхбаатар, Д.Одхүү, Д.Лүндээжанцан, Д.Энхбат, Ц.Нямдорж нар төсөл санаачлагч болон Төрийн албаны зөвлөлийн даргаас асуулт асууж, саналаа хэлсний дараа Байнгын хорооны дарга санал хураалгахад хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх саналыг бүгд дэмжлээ.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 2008 оны жилийн эцсийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд тус зөвлөлийн ажлыг цаашид сайжруулах, төрийн албаны чадавхийг бэхжүүлэх үүднээс Байнгын хорооноос 11 зүйл бүхий чиглэл, үүрэг даалгавар өгөхөөр болов.

Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр, харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.