2009 онд ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн уулзалтыг Улаанбаатарт хуралдуулах санаачлагыг дэмжлээ
2009.10.15

2009 онд ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн уулзалтыг Улаанбаатарт хуралдуулах санаачлагыг дэмжлээ

2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны сайд С.Батболд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлж, Бээжин хотноо болсон ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцов.

Уулзалтад гишүүн орнуудаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, Казахстаны Ерөнхий сайд К.К.Масимов, Киргизийн Ерөнхий сайд И.В.Чудинов, Узбекистаны Ерөнхий сайд Ш.М.Мирзиёев, Тажикистаны Ерөнхий сайд А.Г.Акилов, ажиглагч орнуудаас Монгол Улсын гадаад харилцааны сайд С.Батболд, Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Р.Рахими, Пакистаны Ерөнхий сайд Ю.Р.Гилани, Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн сайд М.Деора, зочноор Афганистаны Дэд Ерөнхийлөгч К.Халили нар оролцов.

Уулзалтыг даргалсан Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өргөтгөсөн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн уулзалт нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал бүрэн арилаагүй үед болж байгаагаараа онцлог бөгөөд гишүүн орнуудын зүгээс хямралыг даван туулах арга хэмжээнүүдээ цаашид хэрхэн үргэлжлүүлэх, хямралаас үүдсэн сорилтуудыг хэрхэн боломж болгох талаар хамтдаа бодох цаг гэж онцлон тэмдэглэв. Энэхүү санааг гишүүн орнууд дэмжсэн бөгөөд ШХАБ-ын хүрээнд санхүү эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөл /Деловой совет ШОС/, Банк хоорондын нэгдлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үүнд гишүүн болон ажиглагч орнуудын идэвхтэй оролцоог хангахын төлөө байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудал хэлэлцэж, нэгдсэн чиглэл боловсруулах механизмыг байгуулах саналыг Казахстаны талаас гаргав.

ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин хэлсэн үгэндээ ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнд ажиглагч улсуудын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улс 2009 онд багтаж ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн уулзалтыг Улаанбаатарт хуралдуулах санаачлага гаргасныг дэмжиж буйгаагаа илэрхийлэв. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн дарга Мезенцев энэхүү уулзалтыг 2009 оны 11 дүгээр сард Монгол Улсад хийх саналыг мөн дэмжиж буйгааг хэлсэн үгэндээ илэрхийлэв.

Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, ГХ-ны сайд С.Батболд хэлэхдээ Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч орны хувьд түүний институциональ өргөжилтийг анхаарч байдгаа дурьдаад үйл ажиллагаанд нь 2004 оноос хойш өндөр түвшинд идэвхтэй оролцож, олон тооны ажил хэрэгч санал санаачилгууд дэвшүүлж ирснээ онцлон тэмдэглэв.

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсуудаас Бээжинд суугаа Элчин сайд нарын түвшинд ШХАБ-ын НБДНГ-тай байнга зөвлөлдөх механизм бий болгох санал гаргав. Мөн манай талаас Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд буй томоохон төслүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын оролцоог хангах ялангуяа хоёр хөрш оронтойгоо хамтран ажиллах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хамтран хийх, байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дайруулан барих сонирхолтой байдгаа илэрхийлэв.

Уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцох үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд хоёр талын тохиромжтой хугацаанд Монгол Улсад айлчилна гэдгээ нотлов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцох үеэр БНЭнэтхэгУ-ын Газрын тосны хэргийн сайд М.Деора-тай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.