Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг ажиллаж эхэллээ
2022.05.10

Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг ажиллаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бий болгох” гэсэн зорилт бий. Энэ зорилтын хүрээнд Кембрижийн их сургуулийн судлаачдын баг манай улсад ажиллаж байна.

Ажлын баг БШУ-ны сайдтай өнөөдөр уулзаж, хамтарсан ажлын багийн хуралдааныг зохион байгууллаа. Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтарсан баг энэ сарын 21-нийг хүртэл Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад ажиллаж боловсролын орчин, нөхцөл, хүний нөөц, сургалтын арга барил зэрэгтэй нарийвчлан танилцах юм.

 Уулзалтын үеэр БШУ-ны сайд салбарынхаа талаар товч танилцуулав. Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломжийг тэгш олгох, хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургууль гэсэн ялгаатай байдлыг арилгахад энэ хамтын ажиллагаа чиглэх ёстой гэж онцоллоо. Монгол Улс нэг үеэ бодвол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж чадаж байна. Одоо хүртээмжээс илүү чанарт анхаарч байгаагаа хэллээ.

Цаашид Кембрижийн сургуулийн оролцоо, дэмжлэгтэй

-Олон улсын хөтөлбөртэй үндэсний хөтөлбөрөө илүү ойртуулах, чанаржуулах

-Багш бэлтгэх, дахин сургах, чадавхжуулах тогтолцоог бэхжүүлэх

-Үнэлгээний тогтолцоогоо сайжруулах

-Төрөлжсөн ахлах сургууль байгуулах

-Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Кембрижийн багийн ахлагч Стийв Кинг Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах нөхцөл боломжийг бүрдүүлж, урилга илгээсэнд талархал илэрхийлээд хүүхэд бүрд тэгш боломж олгохоор Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгааг хамгийн сайн зорилт гэж онцоллоо. Энэ хамтын ажиллагааны хүрээнд эхний тайлан эмхэтгэлийг 6 дугаар сар гэхэд бэлэн болгож манай талд хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.