Гишүүд чуулганы завсарлагаанаар хаана явна вэ?
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Найз нөхөд нь хурдан удмын даага бэлэглэснийг баяр наадмаар сойж хийморио сэргээсэн байна. Ямар боловч даага нь 26-д хурдалж морь уях хообийтой болгожээ. Үүнд урамшсан тэрээр баруун болон зүүн бүсийн хурдад дааганыхаа шандасыг сорихоор шийджээ. Тэгэхээр УИХ-д сонгогдсон биш морьдын тоосонд хийморио сэргээсэн хусуур бүсэлсэн гишүүний тоог нэгээр нэмж байна. Баяр наадам хөөхөөсөө өмнө тойрогтоо ажиллаж нэлээд хэдэн нээлтэд оролцохоор төлөвлөсөн байна. Чингэлтэй дүүрэгт эрүү, нүүрний гажиг эмчлэх төв байгуулж дүүргийнхээ сонгогчдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрх олгож байгаа гэнэ. Мөн гаднаас нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч сонгогчиддоо буян болохоор төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл:
-Дорнод аймгаас сонгогдсон нутгийн хүү буриад зонын их наадам Алтарганад оролцож байна. Ойрын хугацаанд тойрогтоо ажиллаж амжихгүй байгаа аж. Учир нь Дорнод аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарчихаад байгаа. Үүнээс болж аймгийн наадам ч хойшилсон байна. Хөл хорио тавигдахаар тойрогтоо ажиллаж аймгийнхаа наадамд оролцох бодолтой явна. Энэ хугацаанд мөн л хуулийн төсөлтэй зууралдах нь. Цөмийн энергийн тухай, Гадаадаас ажиллах хүч авах болон гадаадад ажиллах хүч илгээх хуулийн төслүүдээ намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгох гэнэ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Хэрэв Засгийн газраас санал ирвэл ажил ундрах байх гэж байлаа.
УИХ-ын гишуун Я.Батсуурь:
-Хаврын чуулганаар төрөөс баримтлах томоохон бодлогыг боловсруулж баталсан болохоор гишүүд мэлээн чилээрхсэн бололтой. Я.Батсуурь гишүүний хувьд эхлээд ядаргаагаа тайлахаар шийджээ. Говийн хүү хангай нутгийн рашаанд сүжирчээ.Завсарлагаан эхлэнгүүт Булган аймагт очиж рашааны эмчилгээнд орсон байна. Эмчилгээ хийлгэсэн хүн шууд ажиллана гэж юу байхав. Нутагтаа очиж амрах төлөвлөгөөтэй яваа аж. Хэд хоног амарсны дараа тойрогтоо ажиллаж дараа нь бичиг цаасны ажлаа амжуулахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хуулийн төсөл санаачлан намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бодож явна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Чуулган завсарлангуут тойрогтоо ажиллахаар явсан Д.Оюунхорол гишүүн орон нутагт cap ажиллахаар төлөвсөн аж. Завхан аймгийн бүх сумаар орж иргэдтэй уулзалт хийх хөтөлбөртэй явна. Мөн Тосон-цэнгэл суманд ашиглалтад орж буй спорт цогцолборын нээлтэд оролцож зүүн бүсийн сумдын спортын наадамд оролцож шагнал гардуулах үүрэгтэй. Хэдийгээр орон нутагт удаан хугацаагаар ажиллах ч гэлээ ойн арга хэмжээнүүдийн урилга заллага тасраагүй байна. Завхан аймгийн Баянтэс сумд болох Ажаа гэгээний ой, Хөвсгөл аймагт болох Хотгойдын Чингүнжавын 300 жилийн ойд оролцох юм байна. Бүтэн cap тойрсон томилолтын дараа л хэсэг хугацаанд амрах нь.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон тэрээр арын сайхан хангайнх. Завсарлагаанаар ээждээ очингоо нутагтаа хэд хоног амрахаар төлөвлөжээ. Гэхдээ амрахаасаа өмнө гадаад томилолт, бичиг цаасны ажлаа амжуулах хэрэгтэй байгаа гэдгээ ч хэлж байсан. Хаврын чуулганаар төрөөс баримтлах бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг баталсан. Гэгэхээр тойрогтоо ажиллаж сонгогчиддоо таниулах, сурталчилах үүргээ биелүүлэх аж. Энэ ажилдаа нэлээд хэд хоногийг зарцуулах бололтой. Төсвийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон "Монгол мал" хөтөлбөрийн дэд төслүүд дээр нэлээд шахуу ажиллана. Хяналт шалгалтын ажлын хүрээнд гааль, татварын байгууллагуудад ажиллахаар бас төлөвлөсөн байна.