Ойгоо тэмдэглэхийн зэрэгцээ өвөлжилтөндөө анхаарахыг захив
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Б.Баатарзориг нарыг хүлээн авч уулзлаа.
Удахгүй болох гэж байгаа Нийслэлийн 370 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэж, нийслэлийн төв хэсгийг харуулсан фото зургийг дурсгал болгон хадгалууллаа.
НИТХ-ын дарга Т.Билэгт , нийслэл хотыг байнга анхааралдаа байлгаж, ажил үйлсий нь дэмжиж байдагт хотын удирдлагын өмнөөс Ерөнхийлөгчид талархаад “Байгалийн гэнэтийн гамшиг болж, нийслэлчүүдэд хүнд хэцүү цаг үе тулгараад байхад энэ асуудлыг анхааралдаа авч, газар дээр нь ажиллаж байсанд Танд баярлалаа. Тэр үед таны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр бид ажиллаж байна. Тухайлбал, барилга барьж болохгүй газрын жагсаалтыг гаргаж байгаа. Удахгүй танд мэдэгдэх болно” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархаад өвөл хаяанд ирсэн байгааг санууллаа. “Удахгүй өвөл болж, утаа, зам гэхчилэн нийслэлийн асуудлууд сөхөгдөж эхэлнэ. Нийслэлчүүдийг өвөл хамгийн их бухимдуулдаг утааг багасгах асуудалд онцгой анхаараарай. Өнгөрсөн жилийн сургамж энэ жилийн бэлтгэл ажил болсон байх гэж найдаж байна. Суваг шуудуу засах, зам гүүрийг бэлэн байлгах талаар энэ зун ажилласан. Энэ бүх ажлын чанар ямар байгааг байгаль, цаг агаар шалгах болно шүү” гэж захилаа.